ГОВЬ-АЛТАЙ: "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-01 14:15:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улс орон даяар өрнөж буй "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний нээлт Говь-Алтай аймагт боллоо.


Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын багийн бүрэлдэхүүн, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, холбогдох албаны удирдлага, сумдын Засаг дарга, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл  оролцлоо.


Үйл ажиллагааг нээж Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар үг хэллээ. Тэрээр:


-“Говь-Алтайчуудын хувьд мал, махаар аймгийн хэрэгцээгээ хангадаг төдийгүй экспортлох боломжтой. Бусдаар бол хүнсний аюулгүй байдал, хүнс үйлдвэрлэл хангамжийн тал дээр дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрлээ. Харин өнгөрсөн хоёр жилийн хувьд бид “Газар тариалан, жимс жимсгэнэ төсөл” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол Улсын жимс, жимсгэнэ, сонгино, саримсны хэрэгцээг 100 хувь хангах зорилго дэвшүүлж, усалгаатай газар тариалангийн га талбайг 5000-аас 20000 га болгож нэмэгдүүлэх, жимсний модны суулгацаа аймагтаа бэлтгэхээр ажиллаж байна.

Ингэснээр бид Алтай нутгийн брэнд болох хөх арвай, чонон хармаг, цагаан, улаан гоёо, чихэр өвс зэрэг эрүүл мэндэд онц ашиг тустай бүтээгдэхүүнүүдээ нэмэгдүүлэхээс гадна эрдэнэ шиш, сонгино, саримс, жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх юм. Ер нь усалгаатай газар тариаланг мал аж ахуйтай хослуулах юм бол ган зудын эрсдэлд орохгүй, үүнийгээ дагаад бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих боломжтой юм гэдгийг иргэдэдээ ойлгуулаад хамтарч ажиллаж байна” хэмээн онцолсон юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн "Хүнсний хувьсал" үндэсний хөдөлгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа. Онцолбол:

-“Монгол Улсын Ерөнхийлөгч хүн амынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарч Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөнийг санаачлан улсын хэмжээнд өрнүүлж буйг Та бүхэн мэднэ.


Энэ хөдөлгөөн нь хүн амынхаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж, улмаар бүс нутаг, олон улсын зах зээлд экспортлох боломж, нөхцөл бүрдүүлэх зорилготой. Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, Хүнсний хувьсгал хийцгээе. Өөрөөр хэлбэл, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье.


2010 оноос хойш хөгжингүй орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд цахимжуулалт эрчимтэй нэвтэрч ухаалаг, иж бүрэн автомат хүлэмж зэрэг шинэ дэвшилтэт техник, технологи ашиглаж эхэлснийг аймаг бүрд нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.

Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, худалдаа наймаа эрхлэн, бусдаас хараат бус явж ирсэн бахдам түүхтэй. Өвөг дээдсийн сургаал, түүхэн туршлагаас харахад монголчууд бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирсэн. Гэтэл өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотор хүнсний бүтээгдэхүүний 50 орчим хувийг гаднаас авч байна.

2021 онд нэг тэрбум ам.доллароор хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ. Энэ их валютын урсгалыг дотооддоо үлдээхийн төлөө бид хамтран зүтгэх ёстой.

Эрхэм хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид ээ! Бид цаашид шинэ зууны хөгжлийн бодлогоо тодорхойлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэгүйдлийг арилгах, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг гол нэрийн хүнсээр бүрэн хангах, хоршоологчдын санхүүгийн чадамжийг бэхжүүлэх, аж ахуйг хөгжүүлэхэд зориулж тусгай зээл олгох, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, олон төрөлт хоршоог бий болгох зэрэг ажилд идэвх, санаачилгатай оролцох шаардлагатай байна.

Түүнчлэн төр, засгаас хэрэгжүүлж буй томоохон бодлогын шинэчлэлүүд, тухайлбал Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих зэрэг суурь зорилтуудыг бодит ажил болгоход идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг Та бүхнээс хүсэж байна.

Мөн ажлын байраа нэмэгдүүлэх, бүтээмжээ сайжруулах, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, гадаад, дотоод зах зээлд чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, гадаад худалдааны болон эдийн засгийн бусад хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг идэвхтэй ашиглах, нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.

Эрүүл монгол хүнийг бүтээх эрүүл хүнсийг бий болгох зорилготой "Хүнсний хувьсгал"-д хүн бүрийн хүчин чармайлт онцгой үүрэгтэй. Хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон үндэсний үйлдвэрлэгч Та бүхний нөр их хүч хөдөлмөр, эх орноо гэсэн итгэл сэтгэл дээр улс орны маань ирээдүй, эрүүл мэнд, эдийн засгийн аюулгүй байдал оршин байгаа гэдгийг сануулъя.

Хүн амыг хэрэгцээт бүтээгдэхүүнээр бүрэн хангах, хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг сайжруулах үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхаа нийт ажиллагсад, малчид, тариаланч, ногоочид Та бүхэндээ ургац нь арвин, ажил нь өрнүүн байхын ерөөл өргөе” гэлээ. 


“Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говь-Алтай аймагт хэрэгжүүлэх ажлуудыг тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн дарга Т.Сүхбаатар танилцууллаа.  


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 36-р тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Аймаг орон нутгийн төсвөөс жил бүр хоёроос доошгүй тэрбум төгрөгийг төсөвлөн хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжинэ. Үүнд: 


-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг  дотооддоо бүрэн хангана.

-Сүү болон махны чиглэлийн фермерийн үйл ажиллагааг дэмжиж хямд чанартай мах, сүүгээр ирэдийн хүнсний хэрэгцээг хангана.

-Мал аж ахуйн үржлийн нэгжийн үйл ажиллагааг дэмжиж, үүлдэрлэг байдлыг сайжруулж, цөм сүргийн аж ахуйг бий болгоно.

-Газар тариалан, жимс жимсгэнэ, эрчимсэн болон туслах аж ахуй үйлчилгээний боловсруулах үйлдвэр эрхлэх иргэдэд зээлийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.


Тус аймагт 2022 оны байдлаар мах боловсруулах 3, махан бүтээгдэхүүний 6, гурил, гурилан бүтээгдэхүүний 32, сүү, сүүн бүтээгдэхүүний 5 нийт 40 гаруй аж ахуйн нэгж хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Хүнсний чиглэлээр үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны үйлдвэр үйлчилгээ явуулдаг 256 аж ахуйн нэгж байгаагаас 8 нэрийн дэлгүүр 226, бөөний сүлжээ дэлгүүр 4, агуулах худалдаа 3 тус тус үйлдвэрлэл худалдаа эрхэлж байгаа аж.

 

Одоогоор Говь-Алтай аймаг нь:

-Малын мах 100 хувь

-Махан бүтээгдэхүүн 2 хувь 

-Сүү 40 хувь

-Сүүн бүтээгдэхүүн 3 хувь

-Гурил 7 хувь

-Гурилан бүтээгдэхүүн 15 хувь

-Төмс 10 хувь

-Хүнсний ногоо 20 хувь

-Жимс жимсгэнэ 7,2 хувь

-Давс 70 хувь

-Хүлэмжийн нарийн ногоо 70 хувийг дотооддоо үйлдвэрлэн хангаж байгаа аж.


Зөвлөгөөний үеэр тус аймгийн ИТХ, ЗДТГ, сумдын Засаг дарга болон 18 сумын аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэдэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, УИХ-аас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулж буй юм.


Мөн үеэр Говь-Алтай аймгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл бүтээгдэхүүнийхээ дээжсээс үзэсгэлэн дэлгэлээ. 


Холбоотой мэдээ