СЭЛЭНГЭ: Хүүхдийн төлөө уриалгад нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-26 19:49:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөс уриалсан “Төр, хувийн хэвшлийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл булан тохижуулах" уриалгад Сэлэнгэ аймгийн УЦУОШТ нэгджээ.

 

Энэхүү өрөөг тохижуулахад байгууллагын эцэг эхийн зөвлөл санаачлан гар бие оролцсон байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлиг, Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн ААНБ-ууд байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллах чиглэлийн дагуу Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв зөвлөл байгуулан 3 гишүүнийг томилон ажиллуулж байна.  

 

Улмаар Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөс “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах”-ыг уриалсан уриалгад нэгдэж ийн нэг өрөөг суллан тохижуулжээ.

 

Тус байгууллагын зүгээс хүүхдийн өрөөг тохижуулахын тулд ажилчдын дунд хандивын аяныг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр өрнүүлжээ. Ингээд цугларсан мөнгөөр зөөлөн дэвсгэр, дэр, тавиур, бусад хичээлийн, танин мэдэхүйн хэрэглэгдэхүүнүүд авсан байна.  

 

Мөн байгууллагаас бага ангийн хүүхдүүд хичээл хийхэд зориулсан ая тухтай ширээ, сандал авч өгсөн аж. Түүнчлэн дотоод нөөц бололцоогоо ашиглан ханын цаг, гутлын тавиур, өлгүүр, сандал, ширээгээр хангажээ.

Холбоотой мэдээ