Согтуу жолоочид хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2022-10-27 08:28:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралт болох Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг. Гэвч Монголд зам тээврийн осол нь нийт осол гэмтлийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. 


Согтуу жолоочид хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагатай

Баримт дурдъя. Дэлхийн банкны судалгаагаар дэлхийд 100 мянган хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас бардаг бол манайд үүнээс өндөр. Тодруулбал, Монгол Улсад 100 мянган хүн тутмын 21 нь зам тээврийн ослоор нас барж байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. ҮСХ-ны мэдээллээс харахад энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 10129 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 15.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийт ослын 8796 буюу 86.8 хувь нийслэлд, 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 1087 хүн хүнд, хөнгөн гэмтсэнээс орон нутагт 157 хүн амь насаа алдаж, 416 хүн гэмтжээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад амиа алдсан хүний тоо 78.4, гэмтсэн хүний тоо 43 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн, зам тээврийн осолд 123 хүүхэд өртсөний 23 нь амь насаа алдсан гэсэн үзүүлэлт гарчээ.


Тэгвэл дэлхийн хэмжээнээс ч өндөр үзүүлэлттэй гарч байгаа зам тээврийн ослыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч, юу хийвэл зохилтой вэ. Одоогийн мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журам бодит байдалтай нийцэж байна уу, дахин нягтлах шаардлагатай юу гэдэг асуудал ч хөндөгдөнө.


Осол гаргасан жолоочид ямар арга хэмжээ авдаг вэ?

 Замын хөдөлгөөний дүрмийн гуравдугаар зүйлийн 3.7-д “... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ...”-ыг хориглоно гэж заасан байдаг. Жолооч нь дээрх хориглосон хэм хэмжээг зөрчиж, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар одоо хариуцлага хүлээдэг. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “...жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг......зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” бол тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж байдлыг харгалзан үзэж гурван төрлийн ялаас сонгож, ял оноодог. Хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан жолоочид торгох, эрх хасах болон нэг сараас нэг жил хүртэлх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байна.


Харин согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдвэл хүндрүүлэх нөхцөлтэй үйлдсэнд тооцон жолоодох эрхийг 1-3 жил хүртэлх хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.


Дээр дурдсан гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3-5 жил хүртэлх хугацаагаар хасаж 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зохицуулжээ. Согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5-8 жил хүртэлх хугацаагаар хасаж 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зохицуулсан байна. Гэхдээ энд бас учир бий.


Хүндрүүлэх зүйлчлэл буюу энэ төрлийн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэдэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил...” гэж заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж үзнэ гэдэг тодорхойлолтод нийцэж байгаа ч мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэлх хугацаагаар тэнсэн харгалзах ял оноож болно” гэж зохицуулжээ. Тэгэхээр Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын амь насыг хохироосон хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч болно гэсэн үг юм. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн, хоёр ба түүнээс олон хүний амь нас хохирсон бол тэнсэхдээ орохгүй ч оногдуулах хорих ялын хэмжээ нь 2-8 жил хүртэлх хугацаатай байхаар заасан болохоор хэдэн жилийн хорих ял оноохыг шүүх, прокурор л шийдэх болж байгаа юм.


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгждэг үү?

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг 2015 онд баталснаар замын хөдөлгөөний аюулгүй байдал болон замын хөдөлгөөний дүрэмд нэлээд өөрчлөлт орсон. Тухайлбал,  согтуугаар жолоо баривал хамгийн багадаа 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сар хасч давтан согтуугаар жолоо баривал эрүүгийн хэрэг үүсгэж, 30 хоног баривчлахаар тусгасан байдаг. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан хүнд жолоог шилжүүлсэн бол тухайн шилжүүлсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх 96 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээнэ. Мөн согтуу жолоо барьсан этгээдэд торгуул ногдуулж, жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хасна. Бие эвгүйрхсэн үедээ жолоо баривал 48 мянгаар,  жолооны үнэмлэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр, бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодвол 96 мянган төгрөгөөр, жолооч, зорчигч бүсээ зүүгээгүй бол, уутсаар яривал тус бүр 9000 төгрөгөөр, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодвол 48 мянган төгрөгөөр, гэрлэн дохио зөрчвөл 19200 төгрөгөөр, зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол мөн 19200 төгрөгөөр, урсгал сөрвөл 96 мянган төгрөгөөр торгохоор заасан байдаг. 


Гэтэл бодит амьдрал дээр энэ хууль хэрэгждэг эсэх нь тун эргэлзээтэй. Замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчсөн жолооч Зөрчлийн хуулийн дагуу торгуульдаг боловч торгуулиа бүрэн төлдөг нь хэд вэ. Үнэндээ тээврийн цагдаагийн алба ч энэ талаар тодорхой мэдээлэлгүй байдаг нь нууц биш. Тэд “Манайх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах чиг үүрэгтэй” гэж хариулдаг.


Улсын хэмжээнд 4.5 сая ширхэг торгууль огт төлөгдөөгүй байна. Үүнээс 63 мянган жолооч 10-аас дээш удаагийн торгуультай байгаа бөгөөд хамгийн их торгууль хуримтлуулсан хүнийх найман сая төгрөгтэй тэнцэж байна. Мөн нийт жолооч нарын 44 хувь нь улсын үзлэг оношилгоонд хамрагдахгүй замын хөдөлгөөнд оролцдог" гэсэн мэдээлэл бол жилийн өмнөх баримт юм.


Торгуулиа төлөхгүй байгаа жолооч нарт төрөөс боломж олгож, Өршөөлийн тухай хуульд "Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө" гэж заасны дагуу жолооч нарын 22.6 хувь нь хамрагдаж, торгуулийнхаа 50 хувийг төлсөн ч 77.4 хувь нь буюу 2,290,049 хүн нийтдээ 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгох шийтгэлийг биелүүлээгүй байна гэсэн мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газраас өгч байжээ.


Ийм хариуцлагагүй жолооч нар замын хөдөлгөөнд оролцоод хээвнэг явж байхад аюулгүй байдлын талаар ярих илүүц мэт. Зөрчилд оноосон торгуулиа гүйцэд төлж барагдуулдаггүй юм гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоо бүр зогсоомоор байна. Үүнээс болж, гэм зэмгүй хүмүүс, ялангуяа хүүхдүүд амь насаараа хохирч байна. Ийм үйлдэлд авах арга хэмжээ, оногдуулах хариуцлагыг чангатгах цаг болжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний аминд хүрсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгож, тухайн хүний жолооны эрхийг  бүх насаар нь хасах хэрэгтэй гэдэг саналыг иргэд хэдийнэ дэвшүүлээд эхэллээ. Бодох л асуудал. Эцэст нь хэлэхэд, дэлхийд 100 мянган хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас бардаг бол манайд 100 мянган хүн тутмын 21 нь зам тээврийн ослоор нас барж байгаа тухай дахиад нэг сануулмаар байна.                                                     

Холбоотой мэдээ