Бойжуулсан төл өмнөх оны мөн үеийнхээс 24 хувиар нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2021 оны эцэст тоолсон төллөх насны 30.8 сая хээлтэгч малын 25.2 сая (82 хувь) нь энэ оны эхний 9 сард төллөжээ.
Эм хонины 85, эм ямааны 82.1, үнээний 72, гүүний 70.3, ингэний 43.2 хувь нь төллөж, гарсан төлийн 98.1 хувь буюу 24.8 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеийнхээс 4.8 (24 хувь) саяар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Нас гүйцсэн малын зүй бус хорогдол энэ оны эхний 9 сард улсын хэмжээнд 358.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 (85.1 хувь) саяар багаслаа. Малын төрлөөр нь авч үзвэл, хонь 159.8 мянга, ямаа 145.5 мянга, үхэр 32.5 мянга, адуу 20.4 мянга, тэмээ 575-аар хорогджээ.
Нийт хорогдсон малын 40.5 хувийг ямаа, 44.5 хувийг хонь эзэлж байна. Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд энэ оны эхний 9 сард Хэнтий аймагт 89.1 (24.8 хувь) мянга, Архангай аймагт 50.3 (14 хувь) мянга, Увс аймагт 36.9 (10.3 хувь) мянга, Хөвсгөл аймаг 33.1 (9.2 хувь) мянга, Булган аймагт 23.7 (6.6 хувь) мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 65 хувийг эзэлжээ.
Улсын хэмжээнд 2021 оны эцэст тоолсон 30.8 сая эх малын 104 мянга (0.3 хувь) нь энэ оны эхний 9 сард хорогдсон байна. Хэнтий, Архангай, Төв, Увс, Ховд аймагт хээлтэгч мал 5.2-42.3 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 66 хувийг эзэлжээ. Харин хээлтүүлэгч малаас ухна 1.7 мянга, хуц 1.7 мянга, бух 648, азарга 323, буур 5 буюу нийт 4.4 мянган мал хорогдсон аж.
Улсын хэмжээнд энэ оны 9 сард 18.6 мянган мал өвчнөөр
хорогдлоо. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4 (27 хувь) мянгаар нэмэгдэв. Харин энэ оны 7-9 дүгээр сард 5.4 мянган мал өвчнөөр хорогдсон нь эхний
9 сард өвчнөөр хорогдсон малын 29 хувийг эзэлж байна. Хорогдсон нас гүйцсэн малын 91.5 хувь нь бусад буюу чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд
бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох шалтгаанаар, 3.3 хувь нь аюулт үзэгдлээр, 5.2 хувь нь өвчнөөр хорогдсон байна.