Туркэд халдлага үйлдсэнийг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-22 12:18:13

ВАШИНГТОН. /Xinhua/. Туркийн зүүн өмнөд нутгийн хотод гадаа болж байсан хуримын үдэшлэгийн үеэр дэлбэрэлт үйлдэн олон хүний аминд хүрснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зэмлэн буруушаалаа.

Өнгөрсөн бямба гарагийн орой Туркийн Газиантеп хотод амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдэн 51 хүний аминд хүрч, 100 орчим хүнийг шархдуулсан билээ.

НҮБ-ын тэргүүний мэдэгдэлд “гэмт буруутай этгээдүүдийг аль болох хурдан олж тогтоон, зохих ялыг онооно гэдэгт найдаж байна” гээд “терроризм болон хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэхийн тулд бүс нутаг болон олон улсын хүчин чармайлтыг эрчимжүүлэх хэрэгтэй байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Уг халдлагын хариуцлагыг одоогоор ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байгаа боловч “Лалын улс”-тай холбоотой өсвөр насны амиа золиослогч хүүхэд үйлдсэн байж магадгүй гэж Туркийн албаны хүмүүс сэжиглэж байгаа юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ