ХӨВСГӨЛ: Цагаанчулуутын овоог тахив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-20 12:01:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Намрын дунд сарын билэгт сайн өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Цагаанчулуутын овоо буюу Шадар ван Чингүнжавын овоог нутгийн зон олон тахилаа.


Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, Бээжинд аваачиж цаазлахад, нутгийн иргэн нууцаар түүний эрхий хурууг тас цавчин эх нутагт нь авчирч, хадганд боон, мөнгөн хайрцагт хийж, буу сэлмийн хамт овооны газар ухан булж оршуулган дээр нь Цагаан чулуутын овоог 1760 оны үед босгосон гэдэг домог яриа байдаг ажээ.



Тодруулбал, “Хотгойд нутгийнхан Шадар вангийн хурууг, түүний алтан цогцсыг төлөөлүүлэн төрөлх нутагт нь ёслол төгөлдөр оршуулахыг зорьжээ. Нутгийн зон олон наран ээвэр, үржил шим сайтай алсын бараа ихтэй, хотгойд нутгийн төв, одоогийн Арбулаг сумын төвөөс урагш арваад километрийн зайд Цагаанчулуутын нэгэн бяцхан толгой дээр хүрэн өнгийн хавтгай чулуугаар үелэн өрж, энэ овоог босгожээ.

Чингүнжавын отог албат, төрөл төрөгсдийг төлөөлөн нутаг нугын олон хүн цугларч залбирал үйлдээд гүн эмгэнэл илэрхийлж, түүний эрхий хурууг мөнгөн хайрцагт хийж оршуулсан гэдэг домогтой. Овоог эмэгтэй сахиустай учир овооны хүндэтгэл ёслолд эмэгтэй хүн оролцож болдог ганц овоо гэж үздэг” ажээ.

 

 

Холбоотой мэдээ