Оюутолгой оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө 9 дүгээр сард зарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-22 11:30:48

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой ХХК нь оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө ирэх 9 дүгээр сард зарлахаа мэдэгдлээ.

Тус тэтгэлэгт өдрийн ангийн 2-оос дээш  курсын, голч дүн нь 3.2-оос дээш оноотой оюутнууд хамрагдах боломжтой юм. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад жилийн сургалтын төлбөр, сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг, хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр, “Оюу толгой” ХХК-с зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдах боломж, сонгогдсон оюутнууд “Оюу толгой” ХХК-д дадлага хийх зэрэг боломжууд бий болдог байна.

Тус компани нь энэхүү оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө 2010 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд нийт 200 оюутан хамруулаад байгаа аж. Өнгөрсөн онд 30 оюутан тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ.

Энэхүү тэтгэлэгт уул уурхай, металлурги, баяжуулалт, механик, цахилгаан болон барилгын инженер, геологи, геодези, хими, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр суралцаж байгаа оюутнууд хамрагдах боломжтой юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ