ДОРНОГОВЬ: Төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилтот хөтөлбөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-18 14:14:04

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаан энэ оны 10 дугаар сарын 18-нд боллоо.


Хуралдаанаар аймгийн төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилтот хөтөлбөр батлах, аймгийн хэмжээнд Монгол Улсын иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд санал авах, аймгийн 14 сумын 65 багийн оноосон нэр батлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль- /ЗЗНДНТУТХ/-ийн дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хурал улирал тутам хуралдаж байхаар зохицуулагдсан юм.


Дорноговь аймагт төрийн захиргааны 46 байгууллагад 587 төрийн захиргааны алба хаагч ажиллах орон тоотой хэдий ч өнөөдрийн байдлаар 441 алба хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 146 орон тоо сул байгаа нь боловсон хүчний хомстолд орж,  аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээг тогтвортой явуулахад хүндрэл гарч байгаа юм.


Үүнээс үүдэж өнөөдөр аймгийн ИТХ-аар Дорноговь аймгийн төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилтот хөтөлбөр баталлаа.


Тиймээс төрийн захиргааны алба хаагчдын нийгмийн баталгаанд анхаарч хямд өртөгтэй орон сууцаар хангах, төрийн алба хаагчдыг мэргэшүүлэх, дахин сургах зэрэг тодорхой асуудлыг хөтөлбөрт тусгажээ. 

Холбоотой мэдээ