ЗАВХАН: Нийгмийн даатгал төлдөг малчдын тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-18 16:15:25

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн нийт малчдын 36.2 хувь нь энэ оны 10 дугаар сарын байдлаар нийгмийн даатгалд хамрагдсан байна.

Завхан аймагт 16.5 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Малчдын 23.6 хувь нь 16-34 насны залуучууд, 61.7 хувь нь 35-59 насны, 14.7 хувь нь тэтгэврийн насны хүмүүс байна. Эдгээрийн 2429 нь тэтгэврийн насных. Нийгмийн даатгалд хамрагдсан малчдын 66.0 мянган малчин буюу 61.4 хувь нь 35-54 насныхан байна. Харин өнгөрсөн онд нийт малчдын 35.2 хувь нь буюу 107.4 мянган малчин нийгмийн даатгалд хамрагджээ.

Өнгөрсөн онтой харьцуулахад нийгмийн даатгалд хамрагдах малчдын тоо нэг хувиар өссөн байна. Харин арилжааны банкуудаас нийт малчдын 31.0 хувь нь зээл авчээ. Зээл авсан малчдын 20.7 хувийг 25-34 насны малчид, 32.3 хувийг 35-44, 27.3 хувийг 45-54 насны малчид эзэлж байна. Зээлтэй малчдын 17 хувийг 25-34 насны, 33 хувийг 35-44 насны, 32 хувийг 45-54 насны малчид эзэлж байна гэж аймгийн Статистикийн газраас мэдээлэв.

Ташрамд тус аймагт НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн нэгдсэн сан”-гийн дэмжлэгтэйгээр "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" төсөл 2020 оноос эхлэн хэрэгжиж байгаа. Энэ төсөл нь малчдын бизнес санал санаачилга, хоршооны үйл ажиллагааг дэмжиж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдах байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй нийгмийн халамжийн тогтолцоог ашиглан малчин өрхөд учирч болох байгалийн гамшиг, аливаа эрсдэл, цочролд бэлэн байдлыг сайжруулах зорилготой хэрэгжсэн. Төслийн зорилгын үр дүнд Завхан аймгийн малчдын нийгмийн даатгалын хамрагдалт нэмэгдсэн гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ