Госог ренбүүчи Хөвсгөлд заларч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ гандардаржайлин хийдийн урилгаар Госог ренбүүчи Хөвсгөлд заларч байна. Түүнийг аймаг орон нутгийн удирдлагууд, хийдийн лам нарын хамт хүндэтгэн тосч авч хоймор нутагт тухлан саатах болсонд талархалаа илэрхийлсэн байна.
Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдэд Госог ренбүүчи заларч Цагаан дара-эхийн насны авшиг, Ногоон дара-эхийн жинан өгчээ. Госог ренбүүчи 1948 онд Төвдийн Молха тосгонд гайхамшигтай шинж тэмдэг олныг үзүүлэн мэндэлжээ. Түүнийг дөрвөн настай байхад Гоман дацанд шавилан суудаг асан эрдэмтэй монгол хувилгаан ламын хойд дүр мөн гэж Далай ламын багш Тагдаг ренбүүчи тодруулан Госог ренбүүчи нэр хайрласан байна. Тэрээр 1959 онд эх орноосоо гарч Энэтхэгийн Сэра хийдэд сурч 36 насандаа лхаарамбын дамжаа барьжээ. Үүний дараа Жүмэ дацанд их хөлгөний хамгийн дээд хэлбэр нууц тарнийн хөлгөнд суралцаж агримба цол хамгаалсан байна. Госог ренбүүчи 1988 онд Жүмэ хийдийн хамба ламаар томилогдон ажилласан ба хийдийнхээ хамгийн залуу хамба болсон байна. Мөн 1992-1996 онд Төвдийн судрын ёсны алдарт гүн ухааны Сэра дацангийн хамба ламаар тохоогдон ажиллажээ. Госог ренбүүчи Тайван, Непал, Япон, Америк, баруун Европ, Азийн ихэнх орноор айлчлан бурхан шашныг дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн Франц, Голланд, Итали, Индонез, Тайван зэрэг олон оронд бурхан шашны төв нээн ажлуулж байгаа гэнэ. Ренбүүчиг 2016 онд Монголд морилох үеэр Жадо ренбүүчи, Осор ренбүүчи нар Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээний их сахиус Хар морьт сахиусны нийтийн бус ховор увидас, авшиг тавиж өгөх хэрэгтэй хэмээн хичээнгүйлэн хүссэний дагуу Мөрөнгийн хүрээний лам нар бараалхан албан ёсны заллага айлтгасаны дагуу ийнхүү Хөвсгөлд 5 хоног тухлаж байгаа ажээ.
Б.Гантуяа