СЭЛЭНГЭ:Халаалт дулааны чиглэлээр хийсэн шинэчлэлтийн ажлаа танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-13 13:48:47

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун энэ сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт ажиллав.

 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Эрчим хүчний зохицуулах хорооны даргад халаалт дулааны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим ажлаа танилцууллаа.

 

Мөн энэ үеэр “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын дарга Б.Алтансүх орчин цагийн халаалтын цогц шийдэл болох ялтсан төхөөрөмжийг шинээр хэд хэдэн чиглэлд суурилуулснаа үзүүлэв. Түүнчлэн тус хамт олон сумын төвийн нийтийн байр болох Шарын 10-р байр хүртэлх шугамын ажлыг бүрэн сольжээ.

 

"Сэлэнгэ Энeрго" ОНӨААТҮГ-ын хамт олон 2022-2023 оны өвөл, хаврын бэлтгэл засварын ажлаа 4-р сараас эхэлсэн бөгөөд зун, намрын улиралд ямар ч амралтгүй ажилласан байна.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун эл хамт олны хийж хэрэгжүүлж байгаа ажил, нөхцөл байдлаа ашиглан маш их шинэчлэлт хийсэн зэрэг ажлыг сайшааж, цаашид боломжтой бүхий л хэлбэрээр дэмжиж ажиллана гэлээ.

 

Аймгийн төв Сүхбаатар сумын тухайд жилийн жилд халаалт дулааны асуудал байнгын гомдол дагуулсаар ирсэн. Иймээс аймгийн Засаг даргын хувьд Сүхбаатар сум руу онцгой анхаарч, халаалт дулаанаар хангагч зарим байгууллагын “халаахгүй-хөлдөөхгүй” гэсэн зарчмыг бүр мөсөн арилгахаар зорьж буйгаа мэдэгдсэн.  

 

Энэ ч утгаар аймгийн Засаг даргын зүгээс ажлаа авсан өдрөөсөө эхлэн сумдад өөрийн биеэр очиж ажиллан халаалтын асуудалд онцгой анхаарч, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсээр иржээ.  

Холбоотой мэдээ