Алдарт Елена Исинбаева зодог тайллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-08-20 13:17:36

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. ОХУ-ын тулгууртай харайлтын тамирчин, Олимпын хошой аварга Елена Исинбаева зодог тайллаа.

Зуны Олимпын наадмыг зохион байгуулж байгаа Рио-де-Жанейро хотод алдарт тамирчин өчигдөр хэвлэлийн бага хурал зарлан “2016 оны 8 дугаар сарын 19-ний энэ өдөр Елена Исинбаева миний бие зодог тайлж байгаагаа мэдэгдэхээр та бүхнийг энд урьсан юм” гээд “би гүйлтийн зам, тулгуур болон спортын салбарынхандаа баяртай гэж хэлэх цаг болжээ. Ийм шийдвэр гаргах амаргүй байлаа. Гэхдээ ямар ч медаль, ямар ч нэр алдарт хүрэх боломж бололцоо надад бий гэдгийг ойлгосондоо баяртай байна. Би дэлхий дахин дахь хөгжөөн дэмжигчдийнхээ итгэл болон хайр хүндэтгэлийг хүлээсэн. Энэ бол тамирчин хүний хүсэл эрмэлзлийн хязгаар” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “энэ хэвлэлийн бага хурлын дараа та бүхэн намайг албан ёсоор зодог тайлсан гэж ойлгож болно” гэсэн байна.

Өдгөө 34 настай Исинбаева энэ долоо хоногийн пүрэв гарагт Олон улсын Олимпын хорооны Тамирчдын комиссын гишүүнээр сонгогдсон юм.

Сэргээшийн дуулиантай холбогдуулан Оросын хөнгөн атлетикийн бүх тамирчныг тив, дэлхийн шинж чанартай тэмцээнүүдэд оролцохыг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо хориглосноор Исинбаева Риогийн Олимпын наадамд оролцож чадаагүй билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ