Сүхбаатар аймаг үндэсний сурын 4 спортын мастертай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-19 17:38:12

Сүхбаатар аймгийн харваачдаас Монгол Улсын спортын дэд мастер 1, Монгол Улсын спортын мастер 4 төрөн гараад байна.

Сүүлийн хэдэн жилд Сүхбаатар аймагт Үндэсний сурын спорт эрчимтэй хөгжиж түүгээр хичээллэх сонирхогчдын тоо нэмэгдсээр байгаа. Одоогоор үндэсний сурын спортоор эрчимтэй хичээлэлдэг 20 гаруй харваач бий. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнцагаан, Наран, Түвшинширээ,Уулбаян, Мөнххаан зэрэг сумдад залуу харваачид бэтгэл сургуулилтаа тогтмол хийж байна. Энэ мэт тасралтгүй бэлтгэл сургуулилтын үр дүнд Сүхбаатар аймгийн тамирчид улсын зэрэг цолны болзлыг хангасаар байгаа юм. Хамгийн сүүлд аймгийн мэргэн С.Байгаль Даншгийн наадамд оролцон Монгол Улсын спортын мастерын болзол хангажээ.

Шинэхэн спортын мастер С.Байгалийн хувьд энэ спортоор 15 жил хичээллэж байгаа бөгөөд түүний бэлтгэсэн гарын шавь нар нь хүртэл улс аймгийн зэрэг цолонд хүрээд байгаа юм. Тэрээр хэлэхдээ: “Спортын мастер цолыг олон жилийн дараа хүртлээ. Аймгийнхаа 4 дэх мастер болсондоо баяртай байна. Ер нь хүн өөрийн сонгосон, сонирхсон зүйлээ эцсийг нь хүртэл хийж байж сая амжилт гаргадаг. Цаашид илүү хичээж бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна, олон шавь бэлтгэх болно” гэлээ.

Алтан-Овооны анхны тахилганд зориулсан наадамд Аймгийн мэргэн н.Хүрлээ оролцож Сүхбаатар аймгаас анх удаа Монгол Улсын спортын мастер цол хүртэж байжээ.

 Т. Одончимэг

Холбоотой мэдээ