ХОВД: Судсан дотуурх мэс заслыг анх удаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-07 14:55:55

Ховд /МОНЦАМЭ/. Орон нутгийн эмч нар ангиографийн оношилгоо, эмчилгээний иж бүрэн аппаратаар анх удаа "Зүрхний цочмог шигдээс" оноштой өвчтөнд судсан дотуурх мэс заслыг амжилттай хийсэн байна.

Тодруулбал, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн эмч нарын баг 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 70 настай иргэн Б.М-д мэс засал хийж, зүрхний баруун титмийн артерийн III сегментийн 95 хувийн бөглөрөлтийг сэтгүүрдэж баллон тэлэлт хийн, стент тавьж бөглөрийг бүрэн нээжээ.  


Уг мэс заслын явцад тус төвийн ангиографийн эмч Д.Чинзориг, Эрчимт эмчилгээний эмч Б.Мөнхбаатар, мэдээгүйжүүлгийн эмч М.Эрдэнэбаяр,  сувилагч Ц.Мөнхсолонго нар хамтран ажиллалаа.

Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппаратыг 2022 оны 6 дугаар сард анх суурилуулсан. Улмаар орон нутгийн эмч нар тус аппаратыг ашиглах талаар сургалтад хамрагдаж байсан юм.

Цаашид орон нутагт ангиографийн оношилгоо эмчилгээний аппаратын тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлэгтэй хамтран ажиллана гэж Ховд аймгийн БОЭТ-өөс мэдээллээ.


Холбоотой мэдээ