"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд жилд 150 сая тарьц, суулгацын нөөц шаардлагатай болно

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-10-07 16:08:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулна гэж  зорилтоо тодорхойлж урьдчилан тооцоолол гаргасан байна.

Энэ зорилгодоо хүрэхийн тулд:

  • 2021-2024 он буюу бэлтгэл үе,
  • 2024-2026 он буюу эрчимжүүлэх,
  • 2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай төлөвлөсөн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний бэлтгэл ажлын хүрээнд мод үржүүлгийн газар байгуулах ажлыг улсын хэмжээнд өрнүүлээд байна. Тухайлбал, саяхан  Төв аймгийн Баянхангай суманд “Атар хамтын төгөл” ойжуулалтын талбай, мод үржүүлгийн газар /2022-9-30/-нд байгуулжээ. Тус газар “Монгол орны иргэдийн оролцоотой цөлжилттэй тэмцэх ойжуулалтын талбай”-гаар 100 га газар ойжуулалт болон мод үржүүлэг, нарийн ногоо тариалах ажлыг хийнэ хэмээн мэдэгджээ.  Бүх нийтийг хамарсан мод тарих хөдөлгөөний бэлтгэл ажлын хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар энэ  төрлийн олон ажил хийж байна.


Улсын хэмжээнд “Тэрбум мод”-ыг тарьж ургуулах ажлын хүрээнд сэрүүн бүсийн ойг нөхөн сэргээх зорилгоор 667.2 сая мод, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад 272.3 сая, голын эх, татам, нуур, цөөрмийн орчимд 229.8 сая, хамгаалалтын зурваст 209.4 сая, төв, суурин газрын ногоон байгууламжид 130.8 сая буюу нийт 842.4 сая навчит үүлдрийн модыг нийтдээ 1.5 тэрбум модыг тарьж, ургуулах тооцоолол гарсан байна. Үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэхэд жилд 150 сая тарьц, суулгацын нөөц шаардлагатай болно гэж УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (2022.10.04)-ний хурал дээр Байгаль орчны сайд Д. Бат-Эрдэнэ мэдээлжээ.  


Монгол орны ой нь мөнх цэвдэг, ус, чийгийг тогтоон барих, гадаргын усны горимыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, ургамал, амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах хамгааллын өндөр ач холбогдол бүхий эмзэг тогтоцтой онцлог экосистем юм. Ойн сан бүхий газар 2020 оны байдлаар 18,321 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.7 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 7.9 хувь байгааг тодотгожээ. Улмаар 2021-2022 оны намар, хаврын улиралд 21 аймаг, нийслэл 3.8 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгж 3.4 сая, улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьсан байна.


Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, "Алсын хараа-2050" урт хугацааны  хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тус бүр  "Хөх морь” төслийг хэрэгжүүлэхээр тусгаж, хүн ам, газар тариалан, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахад гадаргын ус хуримтлуулан олон зориулалтаар ашиглах боломжтой Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслийг эн тэргүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэж салбарын сайд УИХ-ын байнгын хороонд мэдээлэл хийхдээ дурджээ.


Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас уулын модыг суурин газарт шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жил 8400 ширхэг модыг хот суурин газрын ногоон байгууламжид тарьж суулгасан. Түүний ургалт нь 99 хувьтай байгаа гэсэн мэдээллийг мэргэжлийн байгууллага гаргажээ. Гэхдээ ойн сангаас нийслэлд ийм хэмжээний зулзаган мод суулгаад байдаг юм биш гэнэ. Харин стратегийн орд бүхий газар, авто зам барих, эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам татах зурвас газрын модыг тайрч цэвэрлэх шаардлага гардаг. Энэ ажлын хүрээнд  салбарын яам, орон нутгийн харьяа байгууллагуудтай хамтарч мэргэжлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргасны үндсэн дээр модыг тодорхой тоогоор нийслэл, төв суурин газарт шилжүүлэх боломж бүрддэг ажээ. Түүнээс бусад тохиолдолд ойн сангаас зулзаган мод өөр газар шилжүүлэх нь  хориотой юм байна.


Хүний хүчин зүйлийн нөлөө, байгалийн жамаар устаж үгүй болсон ойг  сэргээх боломжтой гэж мэргэжлийн байгууллага үздэг.  Монгол Улсын нийт ойн сангийн 1.8 сая га талбай хөнөөлт хортон шавж, гал түймэрт өртжээ. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд түүний 11 хувьд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байна.


Ер нь 10 жил,  түүнээс урт хугацаанд ой байгаагүй газарт мод тарьж ургуулахыг ойжуулалт гэж  хэлдэг байх юм. Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд  эхний ээлжид 10 сая ширхэг мод Тужийн нарсанд тарьжээ. Тэнд мод тарих ажил одоо ч үргэлжилж байгаа. Тийм учраас Тужийн нарсанд нөхөн сэргээлт эрчимтэй хийснээр устах аюулаас хамгаалагдсан гэж  мэргэжилтнүүд хэлж байна.  


Гэхдээ ойжуулалт хийх тухайн бүс нутагт дасан зохицох чадвар бүхий модлог ургамлын зүйлийг олж илрүүлэх, орчны тааламжгүй нөхцөлийг тэсвэрлэх чадвартай ургамлын суурь судалгааг хийж, орон нутгийн унаган мод, сөөгийг үржүүлэх мод үржүүлгийн газрыг байгуулах замаар тухайн орчинд ургах чадвар бүхий таримлуудыг тарьж ургуулах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Сүүлийн жилүүдэд байгуулагдсан ойн анги, мод үржүүлгийн газруудын бодлого үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах үүднээс Монгол Улсын Засгийн газар Ойн агентлаг байгуулсан байна. Жил бүрийн 10 дугаар сард мод тарих өдөр энэ жил маргааш буюу бямба гаригт тохионо.

Холбоотой мэдээ