ОРХОН: “Дэлхийн хуримтлалын өдөр 2022” аян нээлтээ хийлээ

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-06 15:38:09
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орлогоо хуримтлуул дараа нь зарцуул. Энэ бол хуримтлалын алтан дүрэм юм. Өөрөөр хэлбэл та орж ирсэн орлого бүрээсээ тодорхой хувийг нь хуримтлал руугаа хийж дараа нь зарцуулж сурах хэрэгтэй. Ингэснээр ирээдүйдээ хөрөнгө оруулах, аливаа эрсдэлийг давах санхүүгийн томоохон хөшүүрэгтэй болно хэмээн Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсийн ахлах нягтлан бодогч Б.Энхчимэг Дэлхийн хуримтлалын өдөр 2022 аяны нээлтийн үеэр мэдээллээ


Жил бүрийн 10 дугаар сарын нэгнээс 31-нийг дуустал Дэлхийн хуримтлалын өдөр тохиодог. Үүнийг дэлхийн олон орон тэмдэглэдэг уламжлалтай. Хуримтлалын өдрөөр иргэд, олон нийтэд хуримтлалын ач тусын талаар мэдээлэл, зөвлөгөө өгдөг юм. Энэ жил дэлхий нийтээрээ Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая уриан дор тэмдэглэж байна


Сарын аяны нээлтэд Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс, арилжааны банк, ерөнхий боловсролын IV сургуулийн 7е ангийн сурагчид оролцлоо. Монгол банкны хэлтсээс сурагчдад Хуримтлал ба зардал сэдвээр мөнгөө хэрхэн хуримтлуулж сурах талаар сургалт орсон юм. Энэ үеэр сурагчид ч өөрсдийн хуримтлалын арга туршлагаасаа хуваалцлаа. 


Дүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд МӨНГӨӨ ХУРИМТЛУУЛЖ байна


Сурагч Ч.Баттөр гурван жилийн өмнөөс мөнгөө хуримтлуулж эхэлсэн бөгөөд түүгээрээ Jordan-ны пүүз авахаар төлөвлөж байжээ. Түүний аав, ээж нь мөнгөө юунд зарцуулахаар хуримтлуулж байгааг нь мэдээд пүүз авч өгсөн байна. Иймээс Ч.Баттөр хуримтлуулсан мөнгөөрөө дүүдээ рольк авч өгөхөөр шийджээ. Тэрээр хэлэхдээ, Би дүүгийнхээ мөрөөдлийг биелүүлнэ. Миний анхны зорилго өөрчлөгдсөн ч дүүгийнхээ төлөө дахин өөр зорилготой болсон. Хуримтлал намайг үргэлж зорилготой болгодог гэсэн юм


Хүүхдүүд мөнгөө гахай, усны сав, түрийвч гээд олон зүйлд хийж хадгалдаг ч  хэт  том хэмжээтэй саванд хадгалбал дүүрэх гэж уддаг тухайгаа ярьж байсан юм. Гэхдээ л хуримтлуулсан мөнгөөрөө хэрэгцээтэй зүйлээ авах нь гоё хэмээн ярьцгааж байлаа. Тэд өнөөдрийн хуримтлал маргаашийн зорилгыг нь биелүүлнэ гэдгийг маш сайн мэдэж байсан юм.

                     

ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ХУРИМТЛУУЛЦГААЯ

Сүүлийн нэг жилд  цар тахлаас үүдэлтэй хуримтлалын хэмжээ дэлхий нийтээр буурсан ч  өрх бүр санхүүгээ зөв зохицуулж байж эрсдэлийг даван туулж чадна. Иймд юун түрүүн өрх бүр санхүүгийн бүтэн жилийн төлөвлөгөөгөө гаргаж, орлого, зарлагаа хөтөлснөөр хэрэггүй зүйлд зарцуулж буй мөнгөн дүнг багасгаж хэмнэлт үүсгэж түүнийгээ хуримтлуулах боломжтойг Монголбанкнаас зөвлөж байна.  


Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсээс Дэлхийн хуримтлалын өдөр 2022 аяны хүрээнд санхүүгийн боловсролтой ирээдүйг бэлтгэхийн тулд нэг сарын хугацаанд бүх сургуулийн сурагчдад хуримтлалын ач тус, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалтууд зохион байгуулах юм. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтээр сургалт явуулах бүрэн боломжтой гэсэн юм. 


Холбоотой мэдээ