НҮБ-ын тэргүүн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг эн тэргүүнд тавихыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-10-04 09:20:23

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг эн тэргүүнд тавихыг даваа гарагт бүх улс оронд уриалжээ.


НҮБ-ын тэргүүн Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Засгийн газрын төлөөлөгчид ирэх сард болох Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцид нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27 дахь чуулганаар /COP27/ хэлэлцэх асуудлуудыг эцэслэн шийдвэрлэж эхэлж буй энэ үед “Хорийн бүлэг” тэргүүтэй бүх улс орон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь дэлхий дахины эн тэргүүний зорилт болохыг харуулах боломжтойг цохон тэмдэглэсэн байна.


COP27” Египетийн Шарм Эль-Шейх хотод 11 дүгээр сарын 6-18-ны өдрүүдэд болно.


“Пакистаны газар нутгийн гуравны нэг нь усанд автаж, Европт сүүлийн 500 жилд бүртгэгдээгүй халуун зун болж, Филиппинд газар хөдөлж, Куба даяар цахилгаан хангамж тасалдсанаас гадна АНУ-д “Иан” хар салхи уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын өмнө ямар ч улс орон, ямар ч эдийн засаг хүчин мөхөсдөнө гэдгийг хатуу санууллаа” гэж А.Гутерреш хэлжээ.


Мөн “COP27” бага хурлын ач холбогдлыг онцлон тэмдэглэсний сацуу “Хорийн бүлэг”-ийн аж үйлдвэржсэн орнуудын үүрэг амлалт “хэтэрхий хангалтгүй хийгээд оройтож” байгааг анхааруулсан байна. “Чинээлэг хөгжингүй орнууд болон хөгжиж буй орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хангалтгүй байна. Одоогийн амлалт, бодлогуудаас үзэхэд дэлхийн дулаарлыг цельсийн 2 хэмд тогтоон барих “боломжгүй болж байна” гэж тэрбээр ярьжээ. 

Холбоотой мэдээ