УИХ-ын дарга Г.Занданшатар Ахмадын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-01 17:27:26
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлжээ.


Тэрбээр мэндчилгээндээ "Та бүхэндээ Ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурал болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.


Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 8 дахь удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацааны талыг туулаад байна. Хэдхэн хоногийн дараа, ирэх даваа гарагт Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Ээлжит чуулган эхлэхийн өмнө, Ахмадуудын өдрийг тохиолдуулан Та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.


Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахал бидний уулзах, санал бодлоо хуваалцах боломжийг сүүлийн 2 жил гаруй хугацаанд хязгаарласан. Гэхдээ нөхцөл байдал харьцангуй намжмал байдалд шилжиж Та бүхэн маань өнөөдөр хуран цуглаад байна. Цаашид ч ахмадууд Та бүхэнтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсох, зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээнүүдээ сэргээх, үйл ажиллагаагаа шинэ агуулга, хэлбэрээр зохион байгуулж, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.


Та нарынхаа ажил, амьдралын арвин баялаг туршлага, үнэ цэнэтэй мэдлэг чадвараас бид байнга суралцаж байх ёстой. Зөвлөгөө санамжийг тань сонсож, хүлээн авч, ажил албандаа хэрэгжүүлж ажиллах нь хойч үеийн бидэнд үнэлж баршгүй ач тустай гэдгийг ойлгож байна.


Улсын Их Хурлын үйл ажиллагаа цар тахлын оргил үед ч тасалдаагүй, хэвийн үргэлжилж, шаардлагатай бодлого, шийдвэрүүдийг гаргаж ирснийг Та бүхэн мэдэж байгаа.


Улсын Их Хурал “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд баталсан. Хууль батлагдсанаар ахмадуудын хөгжил, нийгмийн халамж, хамгааллын чиглэлд нэлээд ахиц дэвшил гарсан. Гэхдээ анхаарах асуудлууд ч цөөнгүй бий. КОВИД-ийн улмаас алдсан цаг хугацаа, хэрэгжүүлж чадаагүй ажлуудаа үр дүнд хүргэх нь чухал байна.


Улсын Их Хурал “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хууль баталж, ингэхдээ Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлсөн нь Ахмадууд та бүхэнд тодорхой дэм болсон гэдэгт найдаж байна.


Цар тахлын хөнөөл бүрэн хумигдаагүй байна. Дэлхий дахинд үүссэн геополитикийн ээдрээт нөхцөл байдал ч тогтворжих хараахан болоогүй байна. Улсын эдийн засаг, бизнес, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ хэвийн нөхцөлд шилжтэл тодорхой хугацаа шаардагдах нь тодорхой байна. Тиймээс Улсын Их Хурлын намрын чуулган эдийн засгаа сэргээх, цаашдын тогтвортой өсөлтийн замд шилжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой чуулган болно. Бодлого, эрх зүйн томоохон шийдлүүд энэ чуулганаас гарах ёстой.    


Улсын Их Хурлын шинэчлэлийн нэг томоохон зорилго бол “Цахим парламент” болох зорилт юм. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар Үндсэн хуульд заасан “ард түмний засаглах эрх”-ийг эдлүүлэхэд шинэчлэлийн үндсэн зорилго чиглэж байгаа. Энэ зорилгоор “D-parliament” цахим ситемийг нэвтрүүлсэн. Хүссэн хэн ч энэ системд нэвтэрч, хуулийн төсөлд санал өгөх, санал асуулга зохион байгуулах, санал хүсэлтээ илэрхийлэх бүрэн боломжтой. Та бүхнийг энэ системийн идэвхтэй хэрэглэгч болоосой гэж хүсэж байна. Яагаад гэвэл Та бүхэн бол ажил, амьдралын арвин баялаг туршлага хуримтлуулсан хүмүүс.


Шинэчлэлийн өөр нэг чиглэл нь парламентын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргаж, парламентын засаглалын тогтолцоогоо улам бэхжүүлэхэд чиглэж байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг шинэчлэн тодорхойлсон. Оны өмнөхөн “Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай” хуулийг баталсан. Баталсан хуулийнхаа хэрэгжилтэд парламент хяналт тавьдаг болох энэ зорилгод иргэдийн, ялангуяа Та бүхний оролцоо бас чухал гэдгийг тэмдэглэж хэлмээр байна.  Ингээд Та бүхэндээ эрүүл энх, урт удаан нас, сайн сайхан, аз жаргалыг ерөөе" гэжээ.

Холбоотой мэдээ