ХОВД: Бий биелгээ өвлөн уламжлагч Х.Бааяа гуай 84 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-30 11:54:07

Ховд /МОНЦАМЭ/.  Үндэсний уламжлалт бүжгийн төрөл болох бий биелгээ бол монгол түмний соёлын их өв. Язгуур урлаг, тэр дундаа бий биелгээг тээн хөгжүүлж байгаа ардын авьяастнууд Ховд аймагт олон бий.
   


Энэ буурал бол Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багийн иргэн Х.Бааяа. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч тэрбээр өдгөө 84 настай. Мал маллах, сүүний заводод ажиллах, хүнсний ногоо тарих гээд олон ажлыг хийж, бүтээж явахдаа урлагаас хөндийрөөгүй, авьяасаа хөгжүүлсээр иржээ.    


Бааяа гуай бага наснаасаа дуу дуулж, морин хуур тоглож сурсан бөгөөд 50 гаруй жилийн хугацаанд Монголын уламжлалт бий биелгээг натур-эртний хэв шинжээр нь хадгалан, хөгжмийн аялгуунд уусан биелж, бүжсээр яваа ахмад бийчдийн нэг.

Тэрбээр одоо ч бийгээ биелж, залуучуудад  үлгэр дуурайлал болж явна.  

"Бий билгээ бол амьдралын хэв маяг, ард түмний аж байдал, үйл хөдлөл, зан заншил, бэлгэдлийг яг тэр байдлаар нь уламжлан авч явдгаараа үнэ цэнтэй. Бий биелгээнд мал саах, ноос цохих гээд хүний өдөр тутмын ажил, үйл хөдөлгөөнийг оруулж болно. Бий биелгээний явцад байнга хөдөлгөөн хийж байгаа  учраас  эрүүл мэндэд ач тустай" хэмээн ахмад бийч Х.Бааяа гуай хуучиллаа.  


Тэрбээр энэ сарын 25-28-ны өдөр Ховд аймагт зохион байгуулсан “Цайны зам” өв соёлын наадамд оролцож,  “Жалам хар, морины явдал” хэмээх бий биелгээ хийж сонирхуулав. Мөн тэрбээр 34-35 жилийн өмнө урласан икэл хөгжмийг хадгалж явна. Энэ хөгжмийг түүний авга ах Н.Түвшинтөр хийж, хадгалуулжээ.



 

Холбоотой мэдээ