Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг Ерөнхий сайдаар томилжээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-09-28 15:05:17

ЭР-РИЯД. /Al Jazeera/. Саудын Арабын хаан Салманы зарлигаар Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманыг Ерөнхий сайдаар томилсон талаар тус улсын төрийн мэдлийн “SPA” агентлаг мягмар гарагт мэдээлжээ.


Хунтайж Мохаммед нь хэдийнээ дэлхийн газрын тосны хамгийн том экспортлогч улсын де-факто удирдагч болсон бөгөөд энэхүү томилгоо нь хаант улсын Засгийн газрын тэргүүний үүргийг нь албажуулж байна.


Угсаа залгамжлах хунтайж өмнө нь Батлан хамгаалахын дэд сайд болон сайдын албыг хашиж байсан юм. Одоо Батлан хамгаалахын сайдын халааг түүний дүү, Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байсан Халид бин Салман авч байна.


Хааны зарлигт Гадаад хэргийн сайд, хунтайж Фейсал бин Фархан Аль Сауд, Сангийн сайд Мохаммед аль-Жадаан, Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн сайд Халид аль-Фалих тэргүүтэй бусад бүх сайдыг албан тушаалд нь ахин баталжээ.


М.Салманыг өмнө нь ихэвчлэн хааны гүйцэтгэдэг байсан үүрэг болох ерөнхий сайдын албан тушаалд томилсноор өдгөө 86 настай хаан улсын эрх мэдлийг удаан боловч тогтвортойгоор шилжүүлэх үйл явцаа үргэлжлүүлж байна.


Мягмар гарагт гаргасан хааны зарлигт томилгоог хийх болсон шалтгааныг дурдаагүй ч “SPA” агентлаг төрийн тэргүүний үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх хаан өөрийн оролцох Засгийн газрын хуралдааныг даргална гэдгийг тэмдэглэжээ.


Энэ оны тавдугаар сард хаан эмнэлгийн үзлэгт хамрагдаж, эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн талаар “SPA” агентлаг тухайн үед мэдээлж байсан юм. 

Холбоотой мэдээ