Байнгын хорооны дарга Н.Энхболд ЖАЙКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2016.08.17/ Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Зүүн Азийн Хэлтсийн орлогч дарга Күдо Чихару, Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд талууд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг Японы Засгийн газрын техникийн туслалцаатайгаар ямар үе шаттайгаар хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Уг үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилсан бөгөөд Монгол Улсын өөрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлуудтай нягт уялдаатайгаар боловсруулан баталсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.