Ухаалаг хүлэмжид жилийн 4 улирлын турш тариалалт хийх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-21 16:49:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Засгийн газар, Эрчим хүчний технологийн үнэлгээ, төлөвлөлтийн хүрээлэнгийн санхүүжүүлжилтээр БНСУ-ын JH Energy консорциум, Монгол Улсын ХААИС хамтран "Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх" төсөл хэрэгжүүлж байна.


Төслийн хүрээнд халаалт, хөргүүрийн системийг экологид ээлтэй, зардал хэмнэсэн сэргээгдэх эрчим хүчний технологиор шийдсэн 2000 м2 ухаалаг хүлэмжийн аж ахуйг байгуулсан юм. Ухаалаг хүлэмжийг өнөөдөр нээж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон бусад төлөөлөгч оролцлоо. Энэ хүлэмж нь халаалт, хөргүүрийг экологид ээлтэй, зардал хэмнэсэн нарны эрчим хүчний технологиор шийдэж, гидропоник технологи буюу жилийн турш шинэ ургацын хүлэмжийн ногоо ургуулах боломжийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн энэ чиглэлийн мэргэжилтэн, агрономч, ногоочдыг бэлтгэж чадавхжуулахаар төлөвлөжээ



Манай улс өнгөрсөн онд физиологийн хэрэгцээт хүнсний ногооны 54 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасны дотор хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл 6 хүрэхгүй хувийг эзэлж байв. Өвлийн 32.3 га, зуны 88.2 га нийт 120.5 га хүлэмжнээс 5741 тн хүнсний ногоо хураан авч, өргөст хэмх, улаан лооль, чинжүү, навчит ногоо зэрэг хүлэмжид тариалдаг бага тархацтай 19588 тн (5.1 сая ам.доллар) хүнсний ногоог импортоор авчээ. 


“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны тогтоолын Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжүүлэх ажилд импортоор авч буй хүлэмжийн бага тархацтай ногоог 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангахын тулд шинээр өвлийн 50 га, зуны 100 га хүлэмж нэмж байгуулан хүлэмжийн талбайг 270 га-д хүргэхийг зорьж байгааг ХХААХҮЯ мэдээллээ. 



Холбоотой мэдээ