ГОВЬ-АЛТАЙ: Нас баралтын тохиолдол нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-21 13:57:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний найман байдлаар нас баралтын 212 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 13-аар нэмэгдсэн байна. 

Тэдгээрийн 57.1 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас баралтын 67 буюу 31,6 хувийг хорт хавдрын, 25 буюу 11.8 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 


2022 оны эхний найман сарын байдлаар нийт 169 108 үзлэг хийснээс:

-19.2 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 

-64.1 хувь нь өвчний учир амбулаторид, 

-4.9 хувь нь идэвхтэй хяналт, 

-9.8 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 

-2.1 хувь нь гэрийн дуудлагын үзлэг тус тус эзэлж байгаа аж.


Мөн хугацаанд түргэн тусламжийн 8276 дуудлага хүлээн авч үйлчилснээс 1653 буюу 20 хувь алсын дуудлага, 178 буюу 2.2 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа тухай холбогдох албанаас мэдээлсэн юм. 


Энэ хугацаанд аймгийн хэмжээнд халдварт өвчний 6481 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 1654 тохиолдол буюу 10000 хүн амд 273.6-аар өсжээ. Энэ нь коронавирусний халдвар гарсантай холбоотой бөгөөд нийт халдварт өвчний 6369 буюу 98.7 хувийг коронавирусний халдвар эзэлж байгаа юм.

Аймгийн хэмжээнд 2022 оны эхний найман сарын байдлаар 11 төрлийн 6481 цочмог халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 10.000 хүн амд 1107.1 байна. Халдварт өвчний улмаас нас баралтын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн ба гурав нь коронавирусний халдварын, нэг нь сүрьеэгийн шалтгаантай хэмээн ЭМГ-ын Хяналт-Шинжилгээ , үнэлгээ, мэдээллийн хэлтсээс танилцуулав.


Холбоотой мэдээ