ДАРХАН-УУЛ: “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд- 2022” 10 хоног үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-20 18:50:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд- 2022” аймгийн хэмжээнд арав хоног үргэлжилнэ.  


Өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн номын баярыг энэ жил Хүүхдийн номын ордон, салбар номын сан, сумдын Соёлын төвүүдэд “Уншаад урагшлахуй” өдөрлөгөөр эхэлсэн.

Дарханчууд энэ намрын номын баярыг 9 дүгээр сарын 16-25-ны өдрүүдэд нийт 10 хоногийн хугацаанд номтой холбоотой олон талт ажлыг зохион байгуулж өнгөрүүлэх юм. Энэ хугацаанд “Номын сайн нөхөр” уралдааныг ЕБС, СӨБ-ын байгууллагуудын дунд зохион байгуулах аж. Түүнчлэн Төв номын сангийн танилцуулга, электрон каталогийг сурталчлахын зэрэгцээ иргэд, оюутан сурагчдад 50 хувийн хөнгөлөлттэй уншигчийн карт нээх ажээ.  “Ном солилцоо, номын худалдаа”-ны өдөрлөг зохион байгуулж, номын хандив өргөсөн, номын санд хөрөнгө оруулсан хувь хүн, албан байгууллагыг урамшуулж, алдаршуулах ажээ. Номын баярын өдрүүдийн хүрээнд “Монгол хүний язгуур мөн чанар, амьдралын үнэ цэн” лекц маргааш буюу лхагва гарагт болно. Илтгэгч багшаар Соёлын яамны соён гэгээрүүлэгч, Үндэсний илтгэгч багш Б.Батгэрэл, Хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Буянхишиг, Ж.Эрхэмсайхан, Б.Булганчимэг нар оролцох аж.


“Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран Улаанбаатар хотоос 30 зохиолчийн бүрэлдэхүүнтэй ажлын баг, тусгай хөтөлбөрийн дагуу арга хэмжээ зохион байгуулах,  зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, зохиолч-уншигчдын уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг, Улаанбаатар хот болон Дарханы зохиолчдын хамтарсан уулзалт зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ