ӨВӨРХАНГАЙ: Сумдын Иргэдийн хурлын төлөөлөгчдийг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-20 16:15:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ-аас 19 сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны алба хаагчдыг чадавхжуулах сургалтад бүсчлэн хамруулж байна.

Сургалтаар “Шинэ сэргэлтийн бодлого орон нутагт хамаарах нь”, “Хууль тогтоомжийн хэрэглээ ба шийдвэр гаргах ажиллагаа”, “Цахим засаглал”, “Төлөөлөгчдийн хамгаалал” гэхчлэн арваад сэдвийн хүрээд мэдлэг, мэдээлэл өгч, туршлага солилцох уулзалт, спортын тэмцээнийг зохион байгуулж байна.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж сумдын төлөөлөгчдөд хандан үг хэлэхдээ “Ард иргэдийнхээ итгэлийг хүлээн сум орон нутгийн хөгжлийн төлөө сонгогдон ажиллана гэдэг нэг талдаа өөрийн амьдралдаа бүтээж буй сайхан түүх, дурсамж юм. Нөгөө талдаа маш том үүрэг хариуцлага. Тийм учраас иргэдээ төлөөлж байгаа гэдгийг цаг ямагт ухамсарлаж ажиллаарай. Хэрэв хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах юм бол та Төлөөлөгч байж чадахгүй” гэлээ.

Мөн Олон улсын харилцаа, улс орныхоо нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар өөрсдөө бодит мэдээлэл, мэдлэгтэй байж, сумынхаа иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, уриалж ажиллах ёстойг хэлэв.

Өвөрхангай аймгийн 19 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийт 400 гаруй төлөөлөгчтэй аж.

Холбоотой мэдээ