Тапан Мишра: Тогтвортой хөгжлийн зорилтыг хугацаанаас нь өмнө ч биелүүлэх боломжтой гэдгийг харуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-19 13:08:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай ярилцлаа.


-НҮБ гишүүн орнуудтайгаа хамтын ажиллагааныхаа чиглэлийг 5 жил тутамд шинээр тодорхойлон хэрэгжүүлдэг. Энэ дагуу Монгол Улстай 2017 онд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичиг хэрэгжиж байна. Энэ онд дуусах уг бичиг баримтын хэрэгжилт, үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Таны хэлдэг зөв. НҮБ хамтын ажиллагааныхаа хүрээнд гишүүн оронтойгоо стратегийн хүрээний баримт бичгийг 5 жил тутамд баталдаг. Одоо НҮБ-ын Хөгжлийн туслалцааны хүрээ хэмээх баримт бичгийг хэрэгжүүлж байгаа. Энэ баримт бичгийг 2017-2021 онд хэрэгжүүлэх байсан ч сүүлийн 2 жил КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор нөхцөл байдал өөрчлөгдсөн тул нэг жилээр сунгасан юм. Энэ хугацаанд бид Монгол Улсын ард иргэдэд болон Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагааг дэмжихэд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Ингээд цар тахлын үеэр зорилтот үйл ажиллагааныхаа хүрээнд ямар үр дүн, амжилт гарав гэдгээ үнэлж дүгнэсэн бөгөөд баримт бичгийг хэрэгжүүлэх хугацаанд маш их ололт, амжилт гаргасан гэж үзэж байна. Олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бодлогын түвшинд дэмжиж ирлээ. Хамгийн гол нь энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газар үнэхээр манлайлагч байж ажиллах шаардлага, тодорхой ахиц дэвшил гаргах өргөн боломж байна гэж харсан. Нөгөө талдаа “Нэг НҮБ” гэдэг уриан дор өрнүүлж буй шинэчлэлт, өөрчлөлтийн хүрээнд бас тодорхой үйл ажиллагаагаа сайжруулах боломж байгаа гэдгийг ч олж харсан. Үүндээ үндэслээд бид Монгол Улсын Засгийн газартай хамтраад НҮБ-ын Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ хэмээх баримт бичигт гарын үсэг зураад байна.


-Шинэ Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд өмнөх баримт бичгийг хэрэгжүүлсэн туршлага, судалгаа шинжилгээнд тулгуурлан дараагийн 5 жилийн хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон байх?

-Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрхэн баталснаа эхлээд ярих нь зөв. Нэн тэргүүнд бид өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын зорилтот үйл ажиллагааг дэмжих үүднээс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа буюу Хөгжлийн туслалцааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтэд нийгэм, эдий засаг, улс төр гэсэн өргөн хүрээг хамруулан дүн шинжилгээ хийлээ. Ингэхдээ Олон улсын санхүүгийн байгууллага, олон талт түншлэлийн байгууллагууд, Засгийн газар, иргэний нийгмийн болон судалгаа, шинжилгээний байгууллагууд зэрэг олон талтай хамтарч ажилласан. Үүндээ үндэслэн ирэх 5 жилийнхээ стратегийн баримт бичгийг үндсэн 4 зорилтод тулгуурлаж гаргах ёстой гэдэгт санал нийлсэн юм. Улмаар, Хүмүүс буюу ард түмэнд түшиглэсэн, Хөгжил цэцэглэлтэд түшиглэсэн, Энх тайван, амар амгаланд түшиглэсэн, Түншлэл болон Эх дэлхий гэсэн үндсэн 4 чиглэлд бид хамтран ажиллах боллоо. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ хэмээх энэхүү баримт бичгийг Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой маш сайн уялдуулан боловсруулсан.


-Ирэх таван жилийн стратегийн тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд хийх ажлаа тодруулбал?

-Хамтын ажиллагаа нэн тэргүүнд хүмүүс, ард иргэдэд түшиглэсэн байх ёстой гэдэг эхний тулгуур багана байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн гол нь хүний хөгжил, нийгмийн хөгжил, иргэдийн чадавхыг бэхжүүлэхэд илүү төвлөрч ажиллах шаардлагатай гэж үзсэн. Хүний хөгжил гэдэг үндсэн агуулгад эрүүл мэнд, боловсролын салбар, цэвэр усны хангамж, эрүүл ахуй, аюулгүй байдал, хүнсний хүртээмж, нийгмийн хамгааллыг хамруулан авч үзэх ёстой. Ингэхдээ хүйсийн тэгш эрхийг хангах, хүйсийн тэгш эрхийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг хэрэгжүүлэхэд анхаарлаа.


Хоёрдугаарт, эх дэлхий болон хөгжил дэвшлийг тулгуур багана болгон авч үзсэн. Энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын системийн 23 байгууллага хамтарч ажиллах бөгөөд өөр өөрийн чиг үүргийнхээ хүрээнд Засгийн газрыг хэрхэн дэмжиж ажиллах вэ гэдгээ тодорхойллоо.


Эх дэлхийгээ хамгаалах болон эдийн засгийг хөгжүүлэх гэдэг хоёр зорилт нь бие биеэ үгүйсгэсэн бус харилцан дэмжиж хөгжих ёстой хэмээн тодорхойлсон.


Өөрөөр хэлбэл, оролцоог хангасан, эх дэлхийгээ хайрласан, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг бий болгоно гэж үзлээ. Ингээд монголчууд, бүх иргэд энэхүү хөгжлөөс үр шим хүртэх боломжтой байх ёстой гэж томъёоллоо. Байгалийн нөөцийг аль болох үр ашигтай, бүрэн, тогтвортой ашиглах, одоо байгаа эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэх, ажлын байрыг бий болгох, ингэхдээ ногоон хөгжилд чиглэсэн байх нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан, эх дэлхийдээ ээлтэй хөгжил гэж томъёолсон. Нөгөө талдаа эх дэлхийнхээ тогтвортой байдлыг дэмжихдээ хүлэмжийн хийн ялгарал, агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж байгаа гамшгийн хохирлыг бууруулах тодорхой зорилтыг агуулсан байгаа. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлт гэдэг ойлголт нь өөрөө ногоон өсөлт байх юм. Эдийн засаг байгаль орчинд ч ээлтэй, тогтвортой хөгжинө. Жишээ татъя л даа. Монгол Улсын эдийн засаг бол уур уурхайн салбараас ихээхэн хамааралтай гэдгийг бид мэднэ. Тэгэхээр энэ эдийн засгийн нөхцөл байдлыг яаж сайжруулж, төрөлжүүлэх вэ гэдэгт маш их анхаарч, зорилтуудаа боловсруулсан. Байгалийн эрдэс баялгийг экспортолдог одоогийн хэв загвараа төрөлжүүлж, худалдааг хөгжүүлснээрээ ялангуяа Монгол Улсын хувьд худалдааны хамтын ажиллагаанд ахиц гаргах боломжтой гэж үзэж байгаа.


Одоогийн байдлаар Монгол Улсын экспортын 85 хувь нь түүхий эдээс хамааралтай байна. Энэ нөхцөл байдлыг өөрчлөөд нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, үүндээ түшиглэсэн экспортыг хөгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлнэ гэж ойлгож байгаа.


Дээрээс нь 21 дүгээр зуунд хөдөлмөрийн зах зээлд шаардагдаж байгаа тодорхой ур чадваруудыг бий болгоход Монгол Улсыг дэмжих шаардлага байна. Монгол Улсын хүн амын бүтцийг харвал харьцангуй залуу. Тэгэхээр энэ боломжийг хөшүүрэгдэн Монгол Улсын нөөц боломжийг илүү гаргаж ирэхийн тулд НҮБ-ын системийн байгууллагууд буюу Худалдаа хөгжлийн байгууллага, Олон улсын худалдааны төв, Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс, Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Аж үйлдвэрийн салбарын хөгжил зэрэг байгууллагатай хамтран ажиллахыг зорьж байгаа.


Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хувьд, ялангуяа нар, салхины эрчим хүчний хувьд маш их нөөцтэй. Жилийн 365 хоногоос 260-д нь нартай байдаг, нарны сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх өндөр боломжтой орон гэдэг нь тодорхой байгаа. Тэгэхээр үүнийг нь дэмжвэл түлшний хувьд гадаадаас хараат байгаа Монгол Улсын нөхцөл байдлыг илүү сайжруулна. Хамгийн гол нь хөгжлийн эдгээр чиг хандлагыг ногоон, хэнийг орхигдуулахгүй, оролцоог хангасан байдлаар хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Мэдээж энэ хамтын ажиллагааны тулгуур баганы хүрээнд НҮБ-ын бүх агентлаг чиг үүргийнхээ дагуу ажиллана. Ингэхлээ "Нэг НҮБ" гэдэг зарчмынхаа дор хөгжүүлнэ гэж зорьж байгаа. Монгол Улс бол далайд гарцгүй орон. Тэр утгаараа тээвэр логистик, дэд бүтцийн хувьд урд хил дээр тодорхой хязгаарлалт үүсэх тохиолдолд байдаг. Монгол Улсын нийт экспортын 85 хувь нь урд хөрш рүү гарч байна. Мөн импортын 75 хувь нь урд хөршөөс орж ирж байгаа.


Монгол Улс цахим хөгжлийнхөө хүрээнд төрийн 600 гаруй үйлчилгээг цахимд шилжүүлсэн. Хэдийгээр далайд гарцгүй орон боловч хүний сэтгэлгээ, оюун санаа юунд ч хязгаарлагдахгүй нөөц боломж гэдгийг ойлгох хэрэгтэй.


Хамгийн гол нь цахим гэдэг энэ ойлголт орон зайн хувьд, сэтгэлгээний хувьд хязгааргүй тул хүмүүс чөлөөтэй сэтгэх боломжийг бий болгодог. Тиймээс бид инноваци, шинэ бүтээл, оновчтой саналыг нэвтрүүлж, Монгол Улсын цахим хөгжлийг хэрхэн дэмжих вэ гэдэгт онцгой анхаарч, Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран 9 дүгээр сарын 5-6-нд “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” хэмээх олон улсын анхдугаар хурлыг зохион байгуулсан. Хурлаар иргэдийнхээ хөгжилд тулгуурласан, ногоон, тогтвортой эдийн засгийг төрөлжүүлэх зорилтын хүрээнд хэрхэн өндөр технологи, инновацийг нэвтрүүлж, нөөц боломжийг нэмэх вэ гэдгийг ярилцсан байгаа. Монгол Улс цахим бодлогынхоо хүрээнд хүрсэн ололт амжилтыг энэхүү хурлын үеэр олон улсад хуваалцах боломж бүрдсэн. Мөн Монгол Улс цахим хөгжлийн чиглэлээр олон улсад ямар шилдэг шийдэл, ололт амжилт гаргав гэдэг туршлагаас хуваалцах сайхан боломж бүрдсэн юм. Ингээд цахим шийдлийг Монгол Улсын хөгжилтэй уялдуулан авч үзэхдээ дэвшилтэт технологийг ашиглан эдийн засгаа, бизнесээ, бизнесийн орчныг хэрхэн сайжруулж болох вэ гэдэг талаар ярьж хэлэлцсэн.


Гурав дахь тулгуур багана бол ард иргэддээ төвлөрсөн засаглал. Үүнийг хүн төвтэй засаглал, хууль дээдлэх ёс, шударга ёсны хүртээмж гэсэн сэдвийн хүрээнд томъёолж гаргалаа. Засаглалын хүрээнд ил тод байдлыг хангаж, хээл хахуулийг бууруулж, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээг хүртээмжтэй, үр ашигтай болгож, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжих боломж нь энэ тулгуур баганад түшиглэн бий болно гэж томъёолсон байгаа. Ингээд дээрх гурван тулгуур баганад үндэслэн бид Монгол Улсын Засгийн газрыг дэмжинэ. Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан, түүнд нийцсэн, хамгийн гол нь Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх үүрэг, амлалтыг нь биелүүлэхэд дэмжих юм. Бид үүнийг үйл ажиллагааныхаа хүрээнд яаж хэрэгжүүлэх вэ. Үүний тулд НҮБ-ын системийн бүх агентлагийг багтаасан, хамтарсан ажлын баг байгуулсан. Энэ ажлын багийн агентлаг болгон өөрийн чиг үүргийн хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Агентлаг бүрийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр нь эцсийн дүндээ түрүүний миний ярьсан ирэх 5 жилд хэрэгжих Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичигтэй бүрэн нийцсэн байх болно. Мэдээж хэрэг Монгол Улсын Засгийн газрын манлайллын дор бид хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ.


-Өмнөх 5 жилийн хамтын ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын системийн 13 байгууллага оролцож байсан бол энэ удаад 23 болж нэмэгдсэн байна. Энэ бол НҮБ-аас Монгол Улстай өрнүүлж буй хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч буйн илрэл гэж харж байна. Нөгөө талдаа "Нэг НҮБ" бодлоготой мөн холбоотой байх?

-НҮБ-ын бүх гишүүн улс орнууд 2018 оны тавдугаар сард ярилцахдаа, “Тус тусдаа ажиллаад байвал хамтаараа үүрэг амлалт авсан Тогтвортой хөгжлийн зорилтод хүрч амжихгүй юм байна” гэдэг асуудлыг шүүмжлэлтэйгээр тавьсан. Тийм учраас бид өмнөх хамтын ажиллагааныхаа бүтэц, тогтолцоог дахин нэг нягталж үзээд өмнө тавьж байсан зорилгоо шинэчлэн найруулж, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх шинэ загвар боловсруулж гаргасан. Энэ хүрээнд НҮБ-ын системийн хэмжээнд "Нэг НҮБ" гэдэг шинэ зарчим бий болгосон юм. Улмаар НҮБ үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрд Суурин зохицуулагчийн газрыг бий болгож, шинээр томилсон байгаа.


Миний хувьд 2019 онд НҮБ-ын шинэчлэлийн хүрээнд маш азтай тохиолдлоор Монгол Улсад Суурин зохицуулагчаар ирсэн. Энэ шинэчлэлийн хүрээнд өмнө салангид, тусдаа байсан бүтцүүдийг бүгдийг нь уялдуулан холбож, хамгийн гол нь зөвхөн Монгол дахь НҮБ бус Тайландын Бангкок дахь НҮБ-ын бүсийн төв, Швейцарын Женев дахь НҮБ-ын төв, АНУ-ын Нью-Йорк хот дахь төв зэрэг байгууллагаас хэн нь Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилтод ихээхэн ач холбогдол өгч, сонирхож, хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна вэ гэдгийг судлан, харилцан тохироод шинэ байгууллагууд хамтран ажиллах болсон юм. Ингээд "Нэг НҮБ" гэдэг агуулгынхаа хүрээнд бид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, агентлаг болгон дан дангаараа бус хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлснээрээ аливаа нэгэн үйл ажиллагааг давхардсан байдлаар хэрэгжүүлэхээс зайлсхийж, хөгжлийн чухал хэсэгт хоосон орон зай үүсгэхгүй байх боломж бүрдэх юм. Нэг ёсондоо энэ шинэчлэлийн гол цөм нь хамтарч хэрэгжүүлнэ гэсэн санаа юм. Хамгийн гол нь тухайн улсын бүх иргэний сайн сайхны төлөө Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын системын байгууллагууд хамтран ажиллах юм. Улмаар үйл ажиллагаа илүү үр дүнтэй, уялдаатай болж, хяналт, шинжилгээ, үнэлгээний ажил сайжирч, тайлагнах системийн ил тод байдлыг хангахаар тогтсон байгаа.


-Тогтвортой хөгжлийн зорилт хэрэгжиж дуусахад үндсэндээ 8 жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо 2020 онд баталсан. Энэ бодлогыг хэрэгжүүлэх гол үндэс бол Тогтвортой хөгжлийн зорилт юм гэдгийг Та өмнө нь хэлж байсан. Тэгэхээр энэ хоёр баримт бичиг хэрхэн уялдаж байна вэ?

-Тогтвортой хөгжлийн зорилт хэмээх даян дэлхийн зорилтыг 2015 онд Монгол Улс болон НҮБ-ын гишүүн 192 орон хүлээн зөвшөөрч баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр орнууд Тогтвортой хөгжлийн зорилтыг 2030 он гэхэд биелүүлсэн байна гэдэг үүрэг, амлалтыг өөрсдийнхөө ард түмний өмнө өгсөн байгаа. Тэгэхээр энэ зорилтын хүрээнд томъёолсон 17 зорилго, түүний зорилтод бүхий л иргэний оролцоог хангасан, тогтвортой нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэрхэн хангах вэ гэдгийг томъёолсон байгаа юм. Энэ 17 зорилгыг бүгдийг нь биелүүлж чадвал бид 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтод хүрнэ гэж тооцож байгаа юм.


“Алсын хараа-2050”-иас өмнө буюу 2016 онд Монгол Улсын Засгийн газар 2030 он хүртэлх хөгжлийн баримт бичгийг баталсан байсан. Ингээд 2020 онд илүү урт хугацааны хөгжлийн баримт бичиг болох “Алсын хараа-2050”-ийг баталсан байгаа юм. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Яагаад гэхээр “Алсын хараа-2050” бол зөвхөн 2030 он гэхэд биелүүлэх ёстой Тогтвортой хөгжлийн зорилт дээр нэмээд 20 жилийн цаадахыг харсан урт хугацааны бодлого болсон. Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд ердөө 7 жил хагасын хугацаа үлдээд байна. Богино хугацаа үлдэж байгаатай холбогдуулан өнгөрсөн хугацаанд бид НҮБ-ын Хөгжлийн туслалцааны хүрээ хэмээх баримт бичгийнхээ хүрээнд ололт амжилтаа дүгнээд, Монгол Улсад үндэсний хөгжлийн төлөв байдал нь ямар байна вэ гэдэгт маш сайн дүн шинжилгээ, судалгаа хийсэн. Энэ хүрээнд ямар ололт амжилт бий болгов, ямар сургамж, суралцах зүйлс байв гэдгээ маш сайн тодорхойлж гаргасан.


Бүгд мэдэж байгаачлан КОВИД-19 цар тахлын улмаас бид сүүлийн 2 жил бид нийгэм, эдийн засгийн маш хүнд сорилттой тулгарч зарим хөгжлийн түвшинд бэрхшээл учирсан байгаа. Тогтвортой хөгжлийн зорилтыг бүрэн биелүүлж амжаагүй эсхүл боломжгүй байгаа тохиолдолд яаж бид урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тавьсан зорилтууддаа хүрч чадах вэ гэж хүмүүс асуух байх л даа. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын манлайлал дор бид идэвхтэй хамтран ажиллана гэж зорьж байгаа. Монгол Улсын хувьд бүх ард иргэдийнхээ хэнийг ч хоцроолгүйгээр, Тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрч, оролцоог хангасан байдлаар хөгжинө гэж зорьж байгаа. “Алсын хараа-2050”-д 8 гол тулгуурыг тусгаж өгсөн байдаг. Энэ нь бол Тогтвортой хөгжлийн зорилттой маш сайн уялдаж өгсөн. Жишээ татахад, Улаанбаатар хотоос Хэнтий хүртэл дэд бүтэц нь бүрэн хөгжиж чадаагүй байхад түүний цаана оршиж байгаа Дорнод аймагт хэрхэн хүрч ажиллах билээ. Тэгэхээр бид хөгжлийн тогтвортой оролцоог хангасан чухал зорилтуудыг хамруулан авч үзэж байгаа гэж ойлгож болно.


-Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг НҮБ хэрхэн дүгнэж байна вэ. Монгол Улс 2030 он гэхэд энэ зорилтод хүрэх боломжтой байна уу?

-Бид энэ талаар гол хоёр үнэлгээ хийж байгаа. Нэгдүгээрт, үндэсний хэмжээнд сайн дурын үнэлгээ, хоёрдугаарт, иргэд энэ талаар ямар ойлголттой, үзэл бодолтой байгааг мэдэх. Нэгийг нь бол 2019 онд, нөгөөхийг нь 2023 онд хийхээр төлөвлөж байгаа. Эндээс Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хийсэн бүтээсэн бүх үйл ажиллагаагаа үнэлж, дүгнэж үзээд Монгол Улс энэ зорилтын хаана явна, хоцорч байна уу, бид аль хэсэгт дэмжиж ажиллах хэрэгтэй юм бэ гэдэг дүр зураг маш тодорхой гаргаж ирсэн. Үнэлгээг хийхдээ бид Монгол Улсын Засгийн газрын гол байгууллагууд, баримт, тоон мэдээлэл, Ази, Номхон далайн орнуудын нийгэм, эдийн засгийн комисстой хамтарлаа. 9 дүгээр сарын 10-нд бид Тогтвортой хөгжлийн зорилтын ололт амжилтаа олон нийтэд таниулсан том өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Үүнд НҮБ-ын бүх агентлагаас гадна хамтарч ажилладаг бүх хөгжлийн түнш байгууллага, бусад оролцогч талууд, Монгол Улсын Засгийн газар, яамд, агентлагуудыг бүгдийг хамруулсан. Сүхбаатарын талбайд бид 120 асар барьж Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүүлэх үйл ажиллагааг танилцуулсан байгаа. Мөн дээрээс нь Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хүмүүсийг шагнаж урамшуулсан. Ингээд бид цаашид хамтын үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа зорилтот ажлаа хурдтай, үр дүнтэй үргэлжүүлэх шаардлага байна гэдгээ ярилцсан. Мөн ололт амжилтаа хамтдаа ёслон тэмдэглэсэн. Тэгэхээр НҮБ-ын бүхий л зорилго бол Монгол Улс, түүний ард түмэн, Засгийн газрын томъёолсон энэ зорилтуудыг хамтран хэрэгжүүлж, түүнийг нь дэмжиж, ажиллах байдаг. Ерөнхийдөө энэ хүрээнд эн тэргүүнд ач холбогдол өгч, анхаарал хандуулж, стратегийн хувьд томъёолсон 4-5 үндсэн асуудал байгаа. Нэгдүгээрт, мэдээж хэрэг байгаль орчны асуудал. Уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаатай холбоотойгоор Монгол Улсад олон бэрхшээл тулгамдаж байна. Үүний нэг шийдэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн. Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, агаарын бохирдол ихээр нэмэгдэж байгаа. Цөлжилт эрчимтэй явагдаж, газрын доройтол үүсэж байна. Тэгэхээр энэ бүх тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх том хувилбар бол дээрх санаачилга. Хэрэв модыг хангалттай тарьж чадвал Монгол Улсад илүү ногоон орчин бүрдэнэ. Ингэснээрээ байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах, биологийн олон янз байдлыг дэмжих, тэтгэх, цэвэр усны нөөцийг сайжруулах, цөлжилтийн цар хүрээг хумих, элсний нүүдлийг тогтоон барих зэрэг олон давуу тал бий болно гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын хүнсний аюулгүй, баталгаат байдлыг хангах чиглэлээр ажиллахаар тогтсон. Гуравдугаарт, эрүүл мэнд. Иргэдийн эрүүл мэндийг тэтгэж, дэмжих асуудал байгаа. Цар тахал гарсантай холбогдуулан нөхцөл байдал ихээхэн хүндэрсэн. Мөн нийгмийн зарим хэсэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байх тохиолдол гарсан. Бид халдварт өвчнийг бууруулахад ихээхэн анхаарч байгаа атлаа халдварт бус өвчний зарим төрөлд анхаарлаа сулруулсан, орхигдуулсан тал бий. Амьдралын буруу хэв маягийн улмаас зүрхний шигдээс үүсэх зэрэг асуудал байсаар байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг сайжруулах “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг дэмжих нь маш чухал гэж үзэж байгаа. Дөрөвдүгээрт, цахим шинэчлэлт, өөрчлөлтийн хүрээнд бид төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх нь чухал суурь болох юм. Нөөц боломж байгаа гэж харсан. Тавдугаарт, одоо байгаа эдийн засгийн төлөв байдлыг сайжруулж, төрөлжүүлэх. Худалдааны бодлого, эрчим хүчний хараат байгаа хямралт нөхцөл байдлыг сайжруулах замаар эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжиж ажиллах шаардлага байгаа. Энэ мэт тулгамдсан асуудлыг томъёолсны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газартай хамтран хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг боловсруулж гаргасан.


Ерөнхийд нь бид Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хүрсэн үр дүнг харьцангуй сайн биелж байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Бид үүнийгээ цаашид хөгжүүлэхдээ Монгол Улсын хүний хөгжилд төвлөрсөн, хэнийг ч орхигдуулахгүйгээр оролцоог хангасан Тогтвортой хөгжлийг бий болгоно гэж зорьсон байгаа.


Монгол Улс  цахим шинэчлэлт, өөрчлөлтийг

манлайлагч орнуудын нэг гэдгийг баталж чадсан


-Монгол Улсын цахим шилжилтэд НҮБ ихээхэн анхаарал хандуулж буйн илрэл нь энэ сарын 5-6-нд зохион байгуулсан “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” анхдугаар хурал. Энэ хурлын ач холбогдол, дүнг Та хэрхэн харж байна вэ? Цахим үндэстэн болох Монгол Улсын зорилт, үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ? 

-Энэ сэдвийг асуусанд би туйлын баяртай байна. Анхдугаар хурлаар миний дээр дурдсан Тогтвортой хөгжлийн зорилтын гол хоёр баганыг уялдуулан ярилцсан. Ингэснээрээ Монголын ард иргэд Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд цахим хөгжил, шинэ технологи, оновчтой саналыг хэрхэн уялдуулан нэгтгэж болох вэ гэдэг чиглэлээр ярилцлаа. Уг хурал ерөнхийдөө хоёр гол зүйлд төвлөрлөө. Нэгдүгээрт, бид хөгжлийн явцад бүх иргэнийг оролцуулахын тул технологийг яаж зөв уялдуулах вэ гэдэгт төвлөрч ярилцлаа. Та бүхний мэдэж байгаачлан Монгол Улсын Засгийн газрын цахим хөгжлийн бодлогын хүрээнд төрийн 600 гаруй үйлчилгээг цахимд шилжүүлсэн байгаа. Мөн цахим бодлогоор тодорхойлсон 6 тулгуур агуулгын хүрээнд оролцоог хангаж, иргэдийн амьжиргааг сайжруулахад цахим шилжилтийг хэрхэн уялдуулах вэ, энэ нь бүх монголчуудад үр өгөөжтэй байхын төлөө яаж ажиллах вэ гэдгийг томъёолж гаргалаа. Хамгийн гол нь энэ хурлын үр дүнд Монгол Улсын Засгийн газар, тэр тусмаа шинээр байгуулсан Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Нью-Йорк дахь Ерөнхий нарийн бичгийн даргын Технологийн албаны төлөөлөгч бүгд манлайлан, удирдан зохион байгуулж, олон улстай санал бодлоо хуваалцан, харилцан туршлага солилцох сайхан орчин бүрдсэн. Улмаар Монгол Улс цахим хөгжил, шинэчлэл, өөрчлөлтөөр дэлхийд маш их ахиц дэвшил гаргасан, урагшилж яваа, манлайлж буй орон гэдгийг олон улсад таниулж чадсан. НҮБ-ын бүх агентлаг Монгол Улсын Засгийн газрын тавьсан зорилтыг биелүүлэхэд дэмжиж байгаа гэдэг нь энэ хурлын үеэр маш тодорхой гарч ирсэн.


Хурлын хөтөлбөрийн хүрээнд бид Үндсэн 4-5 гол агуулгын хүрээнд асуудлыг гүнзгийрүүлэн нягтлан дүгнэх дэд хурлыг зохион байгуулсан. Эхний дэд хурал бол “Ногоон хөгжлийн төлөөх цахим технологийг нэвтрүүлэх” сэдвийн хүрээнд төвлөрсөн бөгөөд үүнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага чиглүүлсэн. Хурлын хоёрдугаар дэд хэсэг бол “Цахим шинэчлэлт, өөрчлөлт, цахим шилжилтийн хувьд Засгийн газар хэрхэн үндсэн суурь болж ажиллаж байна вэ” гэсэн сэдэвт төвлөрсөн. Энэ хурлын дэд хэсгийг Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа, холбооны яам чиглүүллээ. Харин гурав дахь дэд хэсэг бол энэхүү цахим шинэчлэлт, өөрчлөлтийн хүрээнд хэрхэн хэнийг ч орхигдуулахгүйгээр, иргэн бүрийн оролцоог ханган урагшлах вэ гэсэн сэдэвтэй. Үүнийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр чиглүүлсэн. Дөрөв дэх хэсэг нь эдийн засгийг төрөлжүүлж, хөгжүүлэхийн тулд орчин үеийн технологийг хэрхэн уялдуулах вэ гэсэн сэдвээр болсон бөгөөд үүнийг Олон улсын цахилгаан холбооны байгууллага чиглүүллээ. Тавдугаар дэд сэдвийн хүрээнд цахим хөгжлийг хэрхэн илүү ногоон байдлаар хөгжүүлэх талаар хөндөж ярилаа. Энэ бүхнээр бид Монгол Улсын ахиц дэвшлийг олон улсад таниулж, өөрсдийн хуримтлуулсан шилдэг туршлага, шинэ саналаа харилцан хуваалцлаа. Үүнд Энэтхэг, Бангладеш, Солонгос, Япон зэрэг орны төлөөлөгч оролцлоо. Мөн засаглалын хүрээнд технологийг маш үр дүнтэйгээр, оновчтой, амжилттайгаар нэвтрүүлсэн Сингапур, Эстоний төлөөлөгч шилдэг туршлагаа хуваалцлаа. Хамгийн гол нь энэ хурлын үр дүн нь бид харилцан суралцаж, шинэ оновчтой санал гаргасанд оршиж байгаа. Бид олон улсын тавцанд Монгол Улс бол цахим шинэчлэлт, өөрчлөлтийн хүрээнд амжилттай ажиллаж байгаа манлайлагч орнуудын нэг гэдгийг батлан харуулж чадсан. Монгол Улсын хүн ам залуу. Тиймээс залуу үеийнхэнд чиглэсэн чухал ажлыг хийж байгаагаа олон улсад таниулж чадсан. Магадгүй зарим оронд Монгол Улсыг Чингис хаанаар, эсвэл нүүдлийн соёл иргэншлээр төсөөлдөг байж болох юм. Харин бид энэхүү ойлголтыг улам баяжуулж, олон улсад хэрхэн манлайлж байгааг нь танилцуулж чадсан. Бас нэг сэдэв бол цахим шилжилтийн хүрээнд боловсролын салбарыг хэрхэн хөгжүүлж болох вэ гэдэг асуудлыг ярьсан. Хамгийн гол үр дүн нь  олон улсын түвшинд бид өөр хоорондоо харилцан туршлага солилцож, бие биенээсээ суралцаж чадлаа гэж хэлмээр байна.


-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антонио Гутерреш 8 дугаар сарын 8-11-нд Монгол Улсад айлчилсан. Энэхүү айлчлалын үр дүнг Та хэрхэн харж байна вэ?


-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ихэвчлэн  маш том хямралтай, зайлшгүй очих шаардлагатай улсуудад  очдог.

Монгол Улс томоохон хямралд өртчихсөн орон биш гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчилсан нь өндөр ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл юм. Тэрбээр, энх тайвныг тогтооход Монгол Улсын оруулсан хувь нэмрийг дахин дахин онцлон тэмдэглэсэн. Хамгийн гол нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх гол зорилтын хүрээнд олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсын оруулж байгаа хувь нэмрийг чухлаар онцлон тэмдэглэхээр ирсэн. Тэрбээр Монгол Улсад ирэхээсээ өмнө АНУ-ын Нью-Йорк хот болон Японы Нагасаки хотод болсон хурлуудад оролцож, цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх чиглэлээр чухал үг хэлсэн. Дараа нь шууд Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. Монгол Улсыг хоёр байдлаар өндрөөр үнэлж, онцлон тэмдэглэлээ.


Нэгдүгээрт, Монгол Улс өөрийгөө Цөмийн зэвсгээс ангид бүс хэмээн олон улсад зарласан. Энэ нь Цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх, түүнийг үл дэлгэрүүлэх чиглэлээрх НҮБ болон түүний гишүүн орнуудын тавьж буй зорилтод маш том хувь нэмэр оруулж байгаа гэдгийг онцлон дурдсан. Хоёрдугаарт, энэ бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтооход Монгол Улсын оруулж байгаа хувь нэмрийг онцолж, олон улсад талархалтай явдаг гэдгээ илэрхийлэхээр ирсэн.


Мэдээж хэрэг нөгөө талдаа Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа гэдгийг нь онцолсон.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын бас нэг чухал, өндөр ач холбогдол өгч, таатайгаар онцлон тэмдэглэсэн зүйл бол Монгол Улс Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Улаанбаатарын яриа хэлэлцээ” -г олон жил зохион байгуулсан явдал.


Мөн Монгол Улс нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг дэмжих зорилтын хүрээнд эмэгтэй энхийг сахиулагчдыг дэмжсэн томоохон бага хурлыг зохион байгуулсан. Энэ бол дэлхийн энх тайвныг тогтооход Монгол Улсын оруулсан чухал хувь нэмэр юм гэдгийг онцлон тэмдэглэсэн. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд Монгол Улс дахь НҮБ болон Монгол Улсын Засгийн газар бүх түнш байгууллагатайгаа хамтран "Нэг НҮБ" системийн шинэчлэлийн хүрээнд амжилттай ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн ахиц дэвшил гаргаж байгааг онцлон тэмдэглэсэн. 


-НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ сард хуралдана. Энэ хуралд Монгол Улс хэрхэн оролцох вэ?

- НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь оролцож, үг хэлж байсан. Энэ удаа ч бас очих байх гэж хүсэн хүлээж байна. Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ хэмээх энэ баримт бичгийг бүх улс орон НҮБ-тай байгуулж байгаа. Тэгэхээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар дээрх сэдвийн хүрээнд тодорхой яриа, хэлэлцүүлэг өрнөх байх гэж үзэж байгаа. Ялангуяа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө “Боловсролын салбарын шинэчлэлт, өөрчлөлт” сэдвийн дор олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт болно. Энэ хурлын үеэр Монгол Улсын БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Монгол Улс боловролын салбарыг шинэчлэх хүрээнд цахим, өндөр технологийг хэрхэн ашиглаж байна вэ гэдэг туршлагыг хуваалцах юм. Мэдээж дээр дурдсан гол сэдвүүдээс гадна уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх асуудлыг ярих нь тодорхой юм. Тэгэхээр Монгол Улсын төрийн тэргүүн НҮБ-ын Ерөнхий Ассамблейд дээрх сэдвүүдийг хамарч ямар үг хэлэх бол гэдгийг бид чих тавин сонсохоор хүлээж байгаа. Хамгийн гол нь нийгэм, эдийн засгийн хөгжил, боловсролын салбар дахь шинэчлэлт, өөрчлөлтийг урагшлуулахад цахим өөрчлөлтийг хэрхэн уялдуулах сэдэв яригдана гэж бодож байгаа.


-Ярилцлагын төгсгөлд та уншигч олонд хандаж үг хэлнэ үү?

-Би Монголын ард түмэнд хандаж гурван гол агуулгын хүрээнд санаагаа хуваалъя гэж бодлоо. Нэгдүгээрт, Монгол дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмнийг дэмжиж, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үүрэг, амлалтыг биелүүлэхэд нь бүрэн дүүрэн хамтарч ажиллана гэдгээ илэрхийлмээр байна.

Хоёрдугаарт, Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх хүртэл дөнгөж 7 жил гаруйн хугацаа үлдээд байгааг бид бүгд мэдэж байна. Тийм учраас бидний хамтын ажиллагаанд маш их хурдасгуур шаардсан хурдтай, үр дүнтэй байх  ажлууд хүлээгдэж байгаа.

Гуравдугаарт, Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд бүх монголчууд хамтран ажиллацгаая гэж уриалмаар байна.


Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлнэ гэдэг бол зөвхөн Монгол Улсын Засгийн газрын зорилт биш. Энэ зорилтыг биелүүлэхэд хүн нэг бүрийн, Монгол Улсын иргэн тус бүрийн хувь нэмэр чухал. Тэгэхээр ард нийтийнхээ амьдралыг сайжруулахын тулд хүн бүр, иргэн бүр эрчим хүчний хэрэглээгээ хэмнэж, мод тарин, хаяж байгаа хаягдлаа, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой гэж харж байгаа. Ингэж Монгол дахь НҮБ, түүний системийн байгууллагууд, Монгол Улсын Засгийн газар, хамгийн гол нь Монголын иргэн бүр хамтдаа нэг зорилгын төлөө зүтгэж, хамтран ажиллаж чадвал Тогтвортой хөгжлийн зорилтыг эцсийн хугацаанаас нь ч өмнө биелүүлэх боломжтой гэдгийг олон улсад харуулж, манлайлж чадна гэж найдаж байна.


-Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөн Танд баярлалаа.

-Баярлалаа.

Холбоотой мэдээ