АРХАНГАЙ: Буга галзуу өвчнөөр үхсэн нь тогтоогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р багийн нутаг дэвсгэрт, аймгийн төвөөс чанх урагш “Хангайн хүнс” ХХК-ийн зүүн талд /47.4738617, 101.5335035/ буга үхсэн байна гэсэн дуудлагыг иргэнээс Экологийн цагдаагийн албанд энэ сарын 12-ны өдрийн 19.00 цагт мэдэгдсэн байна.
Дуудлагаар холбогдох албаны хүмүүс газар дээр нь очиж, үзлэг хийхэд амнаас нь шүлс их хэмжээгээр ялгарсан, торон хашааг мөргөж унасан байжээ.
Анхны
үзлэгээр галзуу өвчний шинж тэмдэг байсан учраас түргэн оношлуураар шинжилгээг
хийхэд урьдчилсан хариугаар галзуу болох нь тогтоогдсон ба дараа нь Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээгээр нотлогдсон байна.
Галзуу өвчнөөс, урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын дагуу үхсэн бугын зэмийг устгаж, тухайн газарт халдваргүйтгэл хийж өвчинтэй тэмцэх арга хэмжээг авчээ.
Ажлын багт Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн
албаны дарга Ө.Ууганбаяр, мэргэжилтэн Э.Цэндаюуш, Мал эмнэлгийн лаборатори
эрхлэгч Г. Мөнгөнхөлөг, шинжлэгч эмч Ё.Батбаатар, Эрдэнэбулган сумын мал
эмнэлгийн тасгийн байцаагч Б.Адъяабат, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн их
эмч Г.Урансайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Солонго, Булган сумын байгаль хамгаалагч Д.Алтангэрэл нарын 8 хүний
бүрэлдэхүүнтэй ажиллав.