АЙЛЧЛАЛ: ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-09-16 14:55:52

Самарканд /МОНЦАМЭ/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод эхэллээ.


Монгол Улс тус хуралдаанд ажиглагчийн статустай оролцож байгаа. Энэ байр сууриа ч цаашид хадгалахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөтгөсөн хуралдааны өмнө хийсэн уулзалтын үеэр онцолсон билээ. Тэрбээр өргөтгөсөн хуралдаанд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх гишүүн орнуудтай нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд эрчимтэй цааш нь үргэлжлүүлж хэрэгжүүлэх байр сууринаас үг хэлнэ. 


Монгол Улс Ази Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн хамтын үйл явцад идэвхтэй оролцох гадаад бодлогын зорилгын хүрээнд ШХАБ-ыг бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон юм.


ШХАБ нь 2001 онд Казахстан, Киргиз, ОХУ, Тажикстан, Узбекистан, Хятадын оролцоотой байгуулагдсан бөгөөд одоогоор гишүүн 8 (Казахстан, Киргиз, ОХУ, Пакистан, тажикстан, Узбекистан, БНХАУ, БНЭУ) ажиглагч 4(Афганистан, Беларусь, Иран, Монгол), яриа хэлэлцээний түнш 6 (Азербайжан, Армени, Балба, Камбож, Турк, Шри-Ланка) нийт 18 улсыг хамарч байна. Түүнчлэн, ШХАБ нь дэлхийн хүн амын 44, дэлхийн ДНБ-ий 25, дэлхийн нутаг дэвсгэрийн 23 хувийг эзэлж байна. 



Холбоотой мэдээ