АЙЛЧЛАЛ: Хэлэлцээр байгуулсны дараа Улаанбаатар-Ташкент чиглэлд шууд нислэг хийх боломжтой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-09-16 06:55:30

Самарканд /МОНЦАМЭ/. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан Улсад ирсэн өдрөө тус улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтай албан ёсны уулзалт хийсэн юм. Монгол Улс, Узбекистан Улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдлын талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Баярхүүгээс тодрууллаа.


-Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Төрийн тэргүүнүүдийн албан ёсны уулзалтаар хоёр улсын харилцаатай холбоотой ямар тодорхой асуудлаар ярилцсан бэ?

-Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 30 жил боллоо. ЗХУ-ын үед манай хоёр улсын харилцаа маш өргөн байсан. Тодруулбал, 1977-1994 онд манайх Ташкентад Ерөнхий консулын газартай, тус улсад оргил үедээ 1500 гаруй оюутан суралцаж байсан. Ялангуяа нэхмэл сүлжмэлийн чиглэлээр олон хүн суралцсан нь одоо ч Монголын хөнгөн аж үйлдвэрийн салбарт тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Хоёр улсын Ерөнхийлөгчийн албан ёсны уулзалт элэгсэг дотно байдалд боллоо. Уулзалтын үеэр ярилцсан зүйлийг товч хэлэхэд, хоёр орны төрийн тэргүүнүүд харилцааны өнөөгийн түвшинг үнэлж дүгнээд, цаашид өргөжүүлэх бүрэн боломжтой гэдэгт санал нэгдсэн. Засгийн газар хоорондын комисс байгуулж, үйл ажиллагааг нь энэ жилдээ багтаан хэрэгжүүлэхээр боллоо. Мөн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын системийг эрчимжүүлэхээр ярилцав. Хоёр орны эдийн засгийн хөгжлийг өргөтгөх чиглэлээр замын зураглал буюу тодорхой хугацаа, графиктай төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар тохирсон. Түүнчлэн, Монголын талаас Узбекистан Улсад Дипломат төлөөлөгчийн газраа нээхийг судалж байгааг илэрхийллээ.


-Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх тухай ярилцсан байсан. Ямар байдлаар хөгжүүлэх боломж байгаа вэ, газар нутгийн хувьд хол учир тээврээ хэрхэн шийдэх вэ?

-Узбекистан Улс 35 сая гаруй иргэнтэй. Бүс нутагтаа сүүлийн 6 жилд эрчимтэй хөгжиж байгаа орон. Сүүлийн үед нээлттэй бодлого явуулж гадны хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ, худалдаа, эдийн засгийн харилцааг бусад орнуудтай хөгжүүлэхэд анхаарч байгаа. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэ оны 6 дугаар сард Узбекистан Улсад айлчлах үеэрээ худалдаа эдийн засгийн хамтарсан бизнес форум зохион байгуулж, Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Узбекистанд гаргах, тус улсаас жимс, хүнсний ногоо, нарийн ногоо, хатаасан жимс импортлох талаар ярилцаж, аж ахуйн нэгжүүдийн хооронд холбоо тогтоосон. Манай аж ахуйн нэгжүүд жимс жимсгэнэ, хатаасан жимс импортолж байгаа.


Тээвэр логистикийн хувьд хоёр орны Засгийн газар хоорондын агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг манай тал өгсөн байгаа. Узбекистаны тал ойрын үед хариу өгөхөө тус уулзалтын үеэр хэлсэн. Хэлэлцээр байгуулсны дараа Улаанбаатар-Ташкентын хооронд шууд нислэг хийх боломжтой болно. Зорчигч тээвэр төдийгүй ачаа барааг агаарын замаар тээвэрлэх, зорчигчид Ташкентаар дамжаад Ойрх Дорнод, Европ, АНУ руу хямд тарифаар зорчих боломж бүрдэнэ.


Автозамын талаар ч ярилцаж, төслөө Узбекистаны талд өгчихсөн, ойрын үед хариу ирнэ. Тэгэхээр тээврийг яаж хурдан шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, бусад саад тотгорыг хэрхэн арилгахыг хэлэлцээд тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна.


-Бизнес эдийн засгийн харилцаа, хууль эрх зүйн орчин ямар байдаг вэ?

-Монгол Улсын гадаад бодлогод 3 дахь хөрш гэж ойлголт бий. Дундад Азийн орнууд манайхтай газар зүй, түүх соёлын хувьд ойрхон. Төв Азийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх боломжийг эрэлхийлж байна. Узбекистан Улс хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлснээрээ онцлог, ялангуяа сүүлийн 6 жилд эрчимтэй хөгжиж байгаа нь гадны хөрөнгө оруулагчдад ээлтэй таатай орчин бүрдүүлсэнд оршиж байгаа.


-Монгол Улс, Узбекистан Улсын худалдааны эргэлт ямар хэмжээнд байна вэ?

-Хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн оны байдлаар 4 сая ам.доллар хүрсэн. Боломжтойгоо харьцуулахад бага юм. Манай улсын импорт 90 хувийг, экспорт 10 хувийг эзэлж байгаа. Гэхдээ цаашид мах, махан бүтээгдэхүүнийг Узбекистан Улсад нийлүүлэх боломж бүрдвэл импорт, экспортын харьцаа өөрчлөгдөж, нийт хэмжээгээрээ худалдааны эргэлт ч нэмэгдэнэ гэж итгэж байна.

 

-Элчин сайдын яамдаа харилцан нээх асуудал хэдийд шийдэгдэх вэ? Мөн иргэд хоорондын зорчих хөдөлгөөний талаар ярина уу?

-Дипломат төлөөлөгчийн газар нээх хугацааг хэлэх боломжгүй. Хоёр орны дотоодын хууль зүйн үйл явцын онцлогоос шалтгаалдаг. Ойрын үед нээнэ гэдэгт санал нэгдсэн. Монгол Улсын иргэд 2019 оноос Узбекистан Улсад визгүй зорчиж байгаа. Узбекистан Улсад хийсэн Гадаад харилцааны дэд сайдын айлчлалын үеэр тус улсын иргэд манайд 30 хоног визгүй зорчих тухай нот бичигт гарын үсэг зурснаар 6 дугаар сарын 3-наас манай улсад визгүй зорчдог болсон. Энэ нь эдийн засгийн харилцааг хөгжүүлэхээс гадна иргэд хооорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд маш чухал. Шууд нислэгтэй болчихвол 2 орны харилцаа шинэ шатанд гарах байх. Хоёр улсын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт 2 орны харилцааг шинэ шатанд гаргасан гэж хэлж болохоор байна.

Холбоотой мэдээ