Олимпын тасалбарыг дамласан гадаадын иргэдийг баривчилна

Дэлхийд | Спорт
nyamtulga@montsame.mn
2016-08-16 18:43:44

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Рио-де-Жанейро хотын цагдаагийн газар Олимпын тоглолтын тасалбарыг дамлан худалдсан гэх үндэслэлээр гадаадын дөрвөн иргэнийг баривчлах зөвшөөрөл олгохыг шүүхэд хандан хүсчээ.

Эдгээр дөрвөн хүн бол Их Британийн THG компанийн топ-менежерүүд болох Английн иргэн Мартин Стадд, Маркус Эванс, Ирландын иргэн Дэвид Гилмор, Голландын иргэн Мартин ван Ос нар юм. Хэд хоногийн өмнө Бразилын цагдаа нар эдгээр дөрвөн хүнтэй хамт ажилладаг Кейвин Жеймс Мэллон гэгчийг баривчилж, түүнд Олимпын хамгийн сонирхолтой уралдаан тэмцээнүүдийг үзэх 800 гаруй ширхэг тасалбар байсныг илрүүлсэн байна.  

Зарим гэрчүүдийн ярьснаар, Мэллон болон түүний хамсаатнууд Олимпын нээлтийн ёслолын тасалбарыг 25 мянган реал буюу 8 мянган орчим доллароор дамлан худалдаж байжээ. Үнэн хэрэгтээ бол, нээлтийн арга хэмжээний билетийн үнэ 1,4 мянган реал буюу 450 доллар юм.

Дашрамд дурдахад, THG компанийн топ-менежер Жеймс Синтон 2014 онд Бразилд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ний тасалбарыг дамлан худалдахад оролцсон хэргээр баривчлагдаж байжээ.

“Рио-2016”-гийн Зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр, тасалбар дамлан худалдсан хэрэгт сэжиглэн 27 хүнийг Олимпын наадам эхлэхээс өмнө баривчлан саатуулсан аж. Харин тэмцээн уралдаан эхэлснээс хойш дамлан худалдах тохиолдол хэдэн удаа гарсан тухай мэдээлэл одоогоор алга.  

Д.Нямтулга 

Холбоотой мэдээ