24 цагаар ажиллах шуурхай штаб байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-07 15:29:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Таван толгой түлш” ХХК дүүрэг, хороод хамтран, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх 24 цагийн ажиллагаатай Шуурхай штаб байгуулав.


Ингэснээр айл өрхүүдэд угаарын хий мэдрэгдсэн тохиолдолд Шуурхай штабын бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Мөн угаарын хийн хордлогын дуудлага мэдээллийг бүртгэж, угаарын хийд хордсон иргэнд анхны тусламж үзүүлэх тухай зөвлөмж, мэдээллийг тогтмол өгч байна.


Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлчүүд сайжруулсан шахмал түлш хэрэглээд дадсан, иргэд мэдлэг, мэдээлэлтэй байгаа. Гэвч Улаанбаатарт шилжин ирж буй иргэдэд мэдээлэл хүргэж, угаарын хийн мэдрэгчийг суурилуулах, зөв ашиглах зааврыг өгөх нь чухал байна. Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, хадгалалт, чанар, айл өрхийн зуухны бүрэн бүтэн байдал, битүүмжийг шалгах, зөв галлагааны зөвлөмж, зааварчилгааг өгөх чиглэлээр дүүрэг, хороодтой хамтран ажиллаж байна” гэв.

 

Холбоотой мэдээ