АРХАНГАЙ: Хотонт, Өндөр-Улаан суманд хорио цээрийн дэглэм тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-02 14:23:07
Архангай /МОНЦАМЭ/. Хотонт сумын Орхон, Өндөр-Улаан сумын Хануй багаас 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шүлхийн шинж тэмдэг илэрсэн малаас шаардлагатай дээж материалыг авч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторид хүргүүлэхэд урьдчилсан онош баталгаажиж иржээ. / 22-3168, 22-3167/
8 дугаар сарын 30-ны өдрөөс онош батлагдсан тул дээрх сумдад хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Аймгийн Мал эмнэлгийн газар шүлхийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн өдрөөс эхлэн урьдчилсан оношийг үндэслэн хязгаарлалтын дэглэмийг тогтоож, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна.
Өнөөдрийн байдлаар дахин голомт бүртгэгдээгүй өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Мөн Ихтамир сумын Бугат багт 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 22-1750 сорилын дүнгийн хариугаар шүлхий өвчин баталгаажиж, уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. 8 дугаар сарын 26-ны өдөр хорио цээрийн дэглэмийг хязгаарлалтын дэглэмд шилжүүлэн байнгын 3 пост, хөдөлгөөнт нэг пост ажиллаж байгаа бөгөөд өвчтэй болон өвчний шинж тэмдгийн дуудлага мэдээлэл ирээгүй байна.
Малын гоц халдварт шүлхий өвчин гарч байгаа гол шалтгаан нь иргэд, малчид бусад аймгаас үржлийн малыг зөвшөөрөлгүй, хараа хяналтгүй оруулж байгаа, малын угаалга, тарилгыг цаг хугацаанд нь хийлгэхгүй байгаа зэрэг асуудлууд байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна.
Өнөөдөр АОК-оос нөхцөл байдлыг харгалзан аймгийн хэмжээнд малын шилжилт хөдөлгөөнийг хориглож, хяналт тавих тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Түүнчлэн эрүүл бүсээс мах бэлтгэх, томоохон зах, худалдааны төв, махны үйлдвэрүүдэд мал, мах нийлүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах, бусад аймгаас отор нүүдэл авахыг хориглох захирамж гаргахаар шийдвэрлээд байна.
Холбоотой мэдээ