АРХАНГАЙ: Боловсролын байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-08-31 16:02:35
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн багш нарын бага хурал, "Боловсролын нээлттэй өдөрлөг" үзэсгэлэнг БШУГ-аас зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, МСҮТ-ийн удирдлага, багш нар, зөвлөх, ахмад багш нарын төлөөлөл 200 гаруй хүн оролцсон.

Бага хурлаар өмнөх оны хичээлийн жилийн зорилт, түүний хэрэгжилт, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны Боловсролын салбар дахь “Хүүхэд хөгжил-Архангай”, 2022-2023 оны хичээлийн жилийн зорилт, чиглэлийг салбарын хэмжээнд хэлэлцүүлж, алдаа оноо, амжилт бүтээлээ ярилцлаа.

Бага хуралд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар цахимаар оролцсон ба аймгийн Засаг дарга М.Батжаргал, БШУГ-ын дарга З.Мөнхтогтох, албаны бусад хүмүүс оролцов.

Энэ үеэр "Цахим архангай" хөтөлбөрийн хүрээнд нэг бүр нь 5650,0 мян төгрөгийн үнэ бүхий ухаалаг самбар, 2110,0 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерүүдийг ЕБС, цэцэрлэгүүдэд гардуулсан юм. Улсын төсвийн 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Боловсролын байгууллагуудыг дээрх тоног төхөөрөмжөөр ийнхүү хангалаа.

"Цахим боловсрол” үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажилд орон нутгийн төсвөөс мөн 190,0 сая төгрөгийг зарцуулаад байгаа аж.

Мөн 2021-2022 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн Эрдэнэбулган сумын 1-р сургууль, 3-р сургууль, Батцэнгэл, Эрдэнэмандал, Цэнхэр, Цэцэрлэг сумын сургуульЦахир, Тариат, Өлзийт сумын цэцэрлэг, Эрдэнэбулган сумын 6-р цэцэрлэг тус тус шалгарсан зурагт болон зөөврийн компьютерээр урамшуулав.


Энэ жилийн багш нарын бага хурлын үеэр аймгийн ЕБС, хүүхдийн цэцэрлэг, МСҮТ-үүд “Цахим Архангай” хөтөлбөрийн “Хүүхэд хөгжил-Архангай", ”Цэцэгт-Архангай” үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа Г.Дэмид жанжны талбайд олон нийтэд нээлттэйгээр дэлгэж, танилцуулсан нь онцлог байлаа. Тайлант өдөрлөгт Ерөнхий боловсролын 30 сургууль, 35 цэцэрлэг, Насан туршийн боловсролын төв, 3 МСҮТ оролцлоо.


2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлангаа байгууллага тус бүр сонирхолтой, бүтээлч өөр өөрийн онцлог төрхийг агуулсан байдлаар бэлтгэж танилцуулав.


Холбоотой мэдээ