Токиогийн олимпыг зохион байгуулах хорооны удирдах албан тушаалтан асныг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-18 14:16:27

ТОКИО. /NHK/. Токиогийн олимп, паралимпын наадмыг зохион байгуулах хорооны удирдах албан тушаал хашиж байсан Такахаши Харүюкиг авлига авсан хэрэгт сэжиглэн баривчилжээ. Токиогийн прокурорууд мөн Токиогийн наадмыг ивээн тэтгэсэн “Aoki Holdings” компанитай холбоотой гурван хүнийг баривчилсан байна.


Тодруулбал, Т.Харүюкигээс гадна “Aoki Holdings” компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн асан Аоки Хиронори, түүний дүү, “Aoki Holdings” компанийн дэд тэргүүн асан, мөн охин компанийн тэргүүн асныг баривчилжээ. Прокурорууд тэднийг ивээн тэтгэх, лицензийн гэрээтэй холбоотой тус дэм үзүүлэхийг хүссэн гэж сэжиглэж байгаа юм байна.


Мөн Т.Харүюкиг А.Хироноригоос 2017 оны 10 дугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл фирмийнхээ данс руу нийт 51 сая иен буюу 380 мянга орчим долларын мөнгө шилжүүлэн авсан гэж сэжиглэж байна. Т.Харүюкигийн хувьд баривчлагдахаасаа өмнө өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ.


Энэ асуудалд ойр эх сурвалжийн мэдээлснээр, А.Хироноригийн хөрөнгийн менежментийн компани 2017 онд Т.Харүюкигийн компанитай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан байна. А.Хироноригийн компани 2018 онд олимпын ивээн тэтгэгч болж, хувцас болон бусад эд зүйлсийг албан ёсны зөвшөөрөлтэй бүтээгдэхүүний хувиар худалдаалжээ. 

Холбоотой мэдээ