ХОТ ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ: Цементийн үйлдвэрийн шинэчлэлийг Хөтөлийн хөгжилтэй уялдуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-08-16 11:56:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөтөл эдийн засгийн форум-2022” Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод өнөөдөр эхэллээ.

Форумыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар нээж, үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхий сайдын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан зөвлөх Б.Батбаатар уламжлав.


Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл форумыг нээж хэлсэн үгэндээ, Хөтөлийн “Цемент, шохой” ТӨХК-ийн техник, технологийг шинэчлэх шаардлага тулгарч буйг тодотгож, өдгөө 400 мянган тонн цемент үйлдвэрлэж буй тус үйлдвэр шинэчлэл хийснээр 500-600 мянган тонн цемент үйлдвэрлэх боломжтойг онцолж байна.



Форумд “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн “Шинэ сэргэлтийн бодлого, боломж” сэдвээр, “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цементийн үйлдвэрийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг Монгол Улсын цемент, шохойн зах зээлийн өнөөгийн байдлыг танилцуулж, уг зах зээлийн чиг хандлагын талаар илтгэл тавив. “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар илтгэлдээ, тус үйлдвэр зөвхөн нэг цемент, шохой бус, олон зүйлийг бүрдүүлсэн аж үйлдвэрийн цогцолбор юм гэдгийг онцолж, цаашдын хөгжил, шинэчлэлийг энэ л өнцөгөөс харахыг тодотгож байлаа.


Л.Наранбаатар: “Цемент шохой” ТӨХК нь зөвхөн нэг цемент, шохойн үйлдвэр бус, энэ бол шохой, чулуу, цементийн үйлдвэрлэл, тээвэр, худалдаа зэрэг олон салбарыг бүрдүүлсэн аж үйлдвэрийн цогцолбор юм .


Форумын талаар оролцогсдын санал, байр суурийг сонсвол, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, үйлдвэрийн ерөнхий механик Я.Бат-Эрдэнэ, Сайхан сумын буюу Хөтөл хотын хөгжил Хөтөл цемент шохойн үйлдвэртэй салшгүй холбоотойг онцолж байлаа. Тиймээс форумаар орон нутгийг хөгжүүлэх зорилт төлөвлөгөөг нэгэн зэрэг ярилцаж аж.


Тэрбээр, Компанийн шохойн үйлдвэрийг утаагүй болгох технологи нэвтрүүлэхээр 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл зарлаад буйг дуулгаж, энд Монголын ямар ч инженер техникийн ажилтнууд ирж шийдэл гаргаад ажиллахад үйлдвэрээс мөнгө гаргах боломжтой, төсөл нь батлагдсан хэрэгжүүлэхэд бэлэн байна. Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн цемент, шохойн үйлдвэрт хэвтээ зуух, эргэх зуухны шинэчлэл хийх юм гэв.


Сайхан сумын оршин суугч С.Равжаа хэлэхдээ, “Бидэнд цементийн үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой байх нь чухал байна. Үйлдвэр тогтвортой ажиллаж байж гэмээн Хөтөл хот, Сайхан сумын 10 мянга гаруй иргэний аж амьдрал, хотын хөгжил шалтгаална” гэв.


Форумаар нутгийн уугуул иргэд, цементийн үйлдвэрийн ажилчдын ярьж байгаачлан олон жил мартагдаад байсан Хөтөлийг сэргээн хөгжүүлэх боломжийг хэлэлцэн ярилцаж байна. Тодруулбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг “Хот хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд цемент шохойн үйлдвэрийг дагасан Хөтөл хотыг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар “Хөтөл барилгажилт-ипотекийн зээл” сэдвээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын удирдлага, орон нутаг дахь Төрийн банк, ХААН, Хас зэрэг арилжааны банкуудын удирдлага, мэргэжилтнүүд, иргэд, үйлдвэрийн ажилчид оролцон нээлттэй хэлэлцэж байна. 

Холбоотой мэдээ