“Үр тарианы коридор”-ын хөдөлгөөнийг нээх техникийн бэлтгэл ажил дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-01 11:04:00

КИЕВ. /Ukrinform/. Украинаас үр тариа экспортлох зурвас /коридор/ нээх бэлтгэл ажлын техникийн ажил дуусаж, захиргааны асуудлыг зохицуулсны дараа тээвэрлэлтийг аль болох хурдан эхлүүлнэ гэж Туркийн Үндэсний батлан хамгаалах яам мэдэгджээ.


Тухайлбал, Туркийн Үндэсний Батлан хамгаалахын сайд Хулуси Акар Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников, дэд бүтцийн сайд Александр Кубраков нартай “үр тарианы коридор”-ыг ажиллуулж эхлэх бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ гэж мэдээлэлд онцолсон байна.


"Истанбул дахь Хамтарсан зохицуулалтын төвийн үр тариа ачиж илгээхэд бэлтгэхтэй холбоотой үйл ажиллагааны эргэн тойрон дахь хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцлоо. Техникийн ажил дууссан бөгөөд захиргааны асуудлыг шийдсэний дараа тээвэрлэлтийг аль болох хурдан эхлүүлэхээр төлөвлөж байгааг сайд нар тэмдэглэв" гэж Турийн БХЯ мэдэгджээ. 


Үүнээс гадна, Хамтарсан зохицуулалтын төвийн ажилтнуудын ажил хэвийн явагдаж байгааг тэмдэглэсэн байна. 


Долоодугаар сарын 22-нд Истанбул хотноо Украин, Турк, НҮБ, ОХУ-ын дөрвөн талын уулзалтын үр дүнд Украины боомтуудаас үр тариа болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг хууль ёсны дагуу импортлох гэрээнд гарын үсэг зурсан билээ.


Туркийн хэвлэлүүдэд мэдээлснээр, 16 хөлөг онгоц бүхий эхний цуваа Украины боомтуудаас удахгүй хөдөлнө. Эхний хөлөг онгоц наймдугаар сарын 3-нд Турк улсад ирэх төлөвтэй байгаа бөгөөд дараа нь Африк руу хөдөлнө. 


Холбоотой мэдээ