Хөлбөмбөгийн аймгуудын шигшээд 3 баг тэргүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2022-07-29 12:09:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн 3 дахь өдрөө үргэлжилж байна.


Увс аймгийн төв Улаангомд болж буй тус тэмцээний нэгдүгээр шатны хэсгийн хоёр дахь тоглолтууд өчигдөр боллоо. Нэгдүгээр шатын А хэсгийн тоглолт Өмнөговь болон Завхан аймгийн багийн хооронд болж 15:2 харьцаатай ялалт байгуулснаар Өмнөговийн баг  6 оноотой хэсгээ тэргүүлж эхэллээ.


Хэсгийн дараагийн тоглолт Баян-Өлгий болон Хөвсгөл аймгийн багийн хооронд тун сонирхолтой явагдаж 3:2 харьцаагаар Баян-Өлгийн баг хожсоноор хэсгээ 6 оноотой Өмнөговь аймгийн багтай хамт тэргүүлж байна.


В хэсгийн тоглолт Хэнтий болон Төв аймгийн багийн хооронд явагдаж 18:2 харьцаатайгаар Төв аймгийн шигшээ баг өрсөлдөгчөө хожив.


Өчигдрийн хамгийн сонирхолтой өрсөлдөөнтэй тоглолт хэсгийн эхний тоглолтуудад хожил байгуулаад байсан Сэлэнгэ болон Говь-Алтай аймгийн багийн хооронд боллоо. Тус тоглолтод Сэлэнгэ аймгийн шигшээ баг торгуулийн цохилтыг алдахад Говь-Алтай аймгийн багаас эцсийн мөчид торгуулийн цохилтоос гоолдож 1-0 харьцаатай хожсоноор хэсгээ 6 оноотой мөн тэргүүлж эхэллээ.

Холбоотой мэдээ