Д.Заяабаатар: Залуу судлаачдыг бэлтгэснээр монгол судлалын ирээдүй бат бэх болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2022-07-25 17:14:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуу монгол судлаачдын зуны ээлжит сургууль өнөөдөр эхэллээ. БШУЯ-нд нээлтээ хийсэн энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулахаар болжээ.


Залуу судлаачид хөдөө малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэхээс гадна Улаанбаатар хотод ШУА, МУИС зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төв болон гадаадын монгол судлаач нэртэй эрдэмтдийн лекцийг сонсоно.


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургуульд энэ удаа ОХУ, АНУ, Герман, Польш, Чех, Хятад, Турк, Япон, Лаос, Мозамбик, Тайванийн 17 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутнууд оролцож байна.


Зуны сургуулийн талаар Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар “Цар тахлаас шалтгаалж бид өнгөрсөн 2 жил зуны сургуулиа зохион байгуулж чадаагүй ирсэн. Үүнтэй холбоотойгоор энэ жил оролцохоор нэрээ мэдүүлсэн гадаад, дотоодын залуучуудын тоо өссөн байна. Тэр хэмжээгээр оролцогчдын шалгуур, өрсөлдөөн өмнөх жилүүдийнхээс их байлаа. Нөгөө талд бас байнгын оролцож ирсэн зарим улс орны хил хаалттай байгаа учир тухайн орнуудын төлөөлөгчид оролцож чадалгүй өнжиж буй ч нөхцөл байдал гарч байна" гэв.



Тэрбээр, Залуу монгол судлаачдын сургуулийн зорилго, ач холбогдол нь гадаад, дотоодын залуу мэргэжилтэн, судлаачдыг дэмжих юм. Тэднийг эртнээс бэлтгэх нь монгол судлалын залгамж халааг тасралтгүй авч явах, ингэснээрээ монгол судлалын ирээдүйг бат бэх байлгах ач холбогдолтой гэдгийг тодотгов. Тиймээс манай улсын төр, засгаас энэ тал дээр анхаарч, 2012 оноос эхлэн Залуу монгол судлаачдын сургуулийн санхүүжилтийг шийдэж иржээ. Зуны сургуулиар хэлэлцэж, судалсан сэдвийг үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхэд анхаарч, судлаачдын баг бүрдүүлэн ажиллаж байгаа юм байна.


Энэ жилийн сургуулийн онцлог нь танхимын сургалтаас илүү, эхний 7 хоногийг хөдөө орон нутагт малчдын гэрт, амьдралд ойр, хээрийн сургуулийг явуулж, сүүлийн 7 хоногт нь Уаанбаатар хотод лекц сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх гэсэн байдлаар, хоёр өөр орчинг сонгон зохион байгуулахаар төлөвлөжээ.


Энэ оны зуны сургууль ирэх сарын 6 хүртэл үргэлжилнэ. 


Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй зөв замаар холбох чухал гүүр болдог.


Цаашид монгол судлалын тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг Монгол Улсын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант, докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг төлөвлөж байна.


Холбоотой мэдээ