З.Энхболд: “Сайн” хөтөлбөрүүдийг улс төрийн зорилгоор зогсоож, иргэдийг хохироолоо
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын хуралдаанаар “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн хувьцаа”, “Сайн малчин” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гарсантай холбогдуулан АН-ын дарга З.Энхболд, Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл өнөөдөр АН-ын байранд мэдээлэл хийв.
АН-ын дарга З.Энхболд:
Өчигдөр Засгийн газар “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоосноо мэдэгдлээ. Үүний өмнө Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар удаа дараа хариуцлагагүй мэдэгдэл хийж, хямралд орууллаа. Үүнээс үүдсэн хор уршиг зогсохгүй байгаа учраас АН мэдэгдэл хийх шаардлагатай болж байна. Сонгуулийн дараа Засгийн газар одоогийн гүйцэтгэх засаглалд валютын 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй данс, өсөлттэй эдийн засаг, нэг оронтой инфляци, 1900 гаруй төгрөгтэй тэнцэх валютын ханшийг хүлээлгэж өгсөн. Гэтэл 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй хүлээлгэж өгсөн дансыг Монголбанкны ерөнхийлөгч хасах 400 сая ам.долларын нөөцтэй байна гэснээрээ ам.долларын ханшийг 150 төгрөгөөр өсгөж, нийт монголчуудыг хохироолоо. Монголбанкны тайлан мэдээлэл хүн бүрт нээлттэй, цахим хуудас дээрээ байрласан байдаг. Үүнийг бүгд үзэх хэрэгтэй.
Сангийн сайд нь төсвийн алдагдал өмнөхөөсөө хэд дахин өссөн, жилийн эцэст төсөв 5 их наядын алдагдалд орно гэсэн нь дотоодод төдийгүй гадаадад Монголын нэр хүндийг унагаж эдийн засгийг улам доройтууллаа. Улсын төсвийн жилийн орлого 7 их наяд төгрөг байхад үүнээс 5 их наяд алдалдалтай байна гэхээр энэ улсад татвар төлөх нэг ч аж, ахуйн нэгж байхгүй болно гэсэн үг юм. Улсын төсвийн алдагдал сүүлийн 4 жил 1 их наяд төгрөг байсан. Энэ хэмжээгээрээ л өнөөдрийг хүртэл явж байгаа. Төсвийн зардлын шинэчлэл хийж алдагдлыг бууруулдаг болохоос байхгүй алдагдлыг байгаа мэтээр олон улсын санхүүгийн зах зээлд мэдээлэл өгдөггүй. Ийм хариуцлагагүй байдлаар улсын төсвийг авч явж болохгүй. Эдийн засаг өөрийн гэсэн хуультай. Эдийн засгийн бүх мэдээлэл нээлттэй, ил тод байгаа. Монгол Улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалж байгаа.
Хоёрдугаарт улсын төсвөөс хамааралгүй явж ирсэн “Сайн” хөтөлбөрүүдийг улс төрийн зорилгоор зогсоож байна. Энэ хөтөлбөрүүд улсын төсвөөс санхүүждэггүй, иргэд өөрсдөө буцаан төлдөг. "Сайн оюутан" хөтөлбөрийн хүрээнд сургалтын төлбөрийн зээл авах гэж байсан 40-50 мянган оюутны мөрөөдөл талаар болж, жирийн малчны зээлийн хүү 30 хувь руугаа эргэж орно. "Сайн хашаа" хөтөлбөрөөр байшингаа дулаалаад нүүрс бага түлж, тухтай өвөлжих байсан олон айлын хүслийг нухчин дарлаа. Энэ бол иргэдэд хэрэгтэй хөтөлбөр байсан. Зээлийн хүүг бууруул гэж 20 жил ярьчихаад бууруулахаар нь буцаад өсгөх гэж байна. Зээлийн хүүг бууруулах боломж 2016 онд инфляци нэг оронтой тоонд орсноор гарч ирсэн. Үүний үр дүнд Монголбанк “Сайн” хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжтой болсон. Бодлогоор явж байсан энэ бүх зүйлийг огцом зогсоосноор иргэдийг маш их хорлож, даган гарах байсан эдийн засгийн үр өгөөжийг үгүй хийлээ” гэсэн юм.
Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:
Өнгөрсөн хоёр хоногт өмнөх түүхэнд байгаагүй үйл явдал боллоо. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар мэдээллийг илт гүтгэн гуйвуулах замаар Монгол Улсын эдийн засгийг хоёр хоногийн дотор хорлолоо. Олон улсын зах зээлд Засгийн газрын бонд, Монгол Улсын зээлжих зэрэглэл навсайтлаа уналаа. Өөрсдийгөө хямрал руу түлхдэг ийм түүх Монголд төдийгүй олон улсад ч гарч байгаагүй. АН-ыг харлуулахын тулд эх орноо золиос болгож байгааг анх удаа харж байна.
Монголбанкны ерөнхийлөгч эдийн засгийн ямар ч боловсролгүй хүн байна. Дэлхий дахинд валютын нөөцийг хасах руу орлоо гэж зарлаж байдаг Төвбанкны ерөнхийлөгч хаана ч байхгүй. Хэзээ ч валютын нөөц хасах руу орно гэж байхгүй. Энэ бол маш аюултай, хор уршигтай мэдэгдэл. Дээр нь Сангийн сайд 25,6 тэрбум ам.долларын өртэй гэлээ. Төр засагт тийм өр байхгүй. Манай өр бол ДНБ-ийг гуравны нэгтэй тэнцдэг. ДНБ-ээс 200 хувиар давсан өртэй улс орон ч байдаг. Гэтэл Монгол Улс тийм биш.
Гэр хорооллынхны итгэл найдвар болсон “Сайн хашаа” хөтөлбөрийг зогсоож байгаад маш их харамсаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт утаа, хөрсний бохирдлоос илүү өргөн агуулгатай, эдийн засгийн үр ашигтай байсан. “Сайн” хөтөлбөрүүд ард иргэд рүү хөрөнгийн их урсгалыг чиглүүлж байсан бол одоо хэдэн дарга нар руу чиглүүллээ.
МАН-ын энэ бусармаг үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Нэн тэргүүнд Н.Баяртсайхан, Б.Чойжилсүрэн нарыг алдаагаа засахыг УИХ дахь бүлгүүд шаардах хэрэгтэй. Улс орноо хямралд оруулсан энэ худлаа, буруу мэдээллээ яаралтай засах ёстой” гэлээ.
Мэдээллийн төгсгөлд АН-ын дарга З.Энхболд “Бодит үнэн мэдээлэл бол улсын гадаад төлбөрийн нийт нийлбэр нь 22.5 тэрбум ам.доллар. Үүнээс 10 тэрбум 850 сая ам.долларыг “Оюутолгой” болон бусад компаниуд, 2 тэрбум 700 саяыг бусад ААН-үүд. 2 тэрбум 61 саяыг арилжааны банкууд, 2 тэрбум 84 саяыг Монголбанк гэх мэтээр төлөх эзэд нь тодорхой. Харин Засгийн газрын төлөх ёстой гадаад төлбөр 4 тэрбум 36 сая ам.доллар. “Рио Тинто”, “МАК” гэх мэт төлөх эзэдтэй зээлийг “улсынх” гэж хамааруулж яриад байгааг салгаж ойлгох хэрэгтэй” гэсэн юм.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ