ОРХОН: Үндэсний их баяр наадмаар 600 гаруй уран бүтээлч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-11 10:15:58
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монголын Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улсын 815, 816 жил, Ардын хувьсгалын түүхт 100, 101 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны 45, 46 жилийн ой, Орхон аймаг, Эрдэнэт хотын баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ. 

Үндэсний их баяр наадмыг нээж аймгийн Засаг дарга С.Батжаргал хэлсэн үгэндээ,  “Сайхан Монгол эх орон, амжилт бүтээлийн эзэд Эрдэнэтчүүдээрээ гоёсон энэ наадам, өргөн дэлгэр, ёс журамтай, ахмадуудаа хүндэтгэсэн, Эрдэнэтийн гэсэн өнгө төрх, үнэт зүйлтэй, хүүхэд залуучууддаа уламжлал, ёс заншил, түүх, соёлоо түгээсэн, хөдөлмөр бүтээл, ажлын шинэ амжилт, бахархал, дурсамжаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.

  Аймгийн хурал, захиргааны байгууллагаас Орхон аймаг, Эрдэнэт хотын бүх бодлого, үйл ажиллагааг “Хүний хөгжил”-д чиглүүлэн  ажиллаж 2021 оныхоо ажлаар улсын хэмжээнд тэргүүллээ.   Ийнхүү Орхон аймгийг 2021 оны ажлаараа улсын хэмжээнд тэргүүн байранд шалгарахад нийт иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд, наадамчин олон та бүхний итгэл, сэтгэл, идэвхи санаачилга, бүтээлч хөдөлмөр ихээхэн үүрэг гүйцэтгэснийг наадмын энэ өглөө бахархан тэмдэглэхэд таатай байна” хэмээсэн юм.

Орхон аймгийн баяр наадам:

 • Нэгдүгээр хэсэг-Гал бадраах ёслол, 

• Хоёрдугаар хэсэг-Наадмын нээлтийн үйл ажиллагаа

• Гуравдугаар хэсэг-Эрдэнэт хотын 46 жилийн ойг тодотгосон арга хэмжээ, 

• Дөрөвдүгээр хэсэг-Ардын хувьсгалын 100,101 жилийн од зориулсан арга хэмжээ, 

• Тавдугаар хэсэг-Ардын баяр наадмын цэнгэл гэсэн хэсгүүдтэй.   

Баяр наадмын ерөнхий найруулагчаар МУСТА Д.Отгонбаатар ажиллаж, соёл урлагийн байгууллагын 600 гаруй хүн оролцож байна.  

Холбоотой мэдээ