СЭЛЭНГЭ:Улаанбаатарын чиглэлд нэмэгдлээр суудлын галт тэрэг явж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-09 22:00:35

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Өчигдрөөс буюу энэ сарын 8-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос Улаанбаатарын чиглэлд өдөр бүр зорчих суудлын галт тэргэнд нэмэлт вагон явж эхэллээ.

Сүхбаатар-Улаанбаатар чиглэл дэх авто замын нөхцөл байдлаас шалтгаалан суудлын галт тэргээр явах иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байна. Мөн түүнчлэн галт тэрэгний тасалбарыг цахимаар захиалах болсноор Сүхбаатар өртөөний кассаас билет авах иргэд тасалбаргүй үлдэх тохиолдол олон удаа гарч байгаа аж. Тодруулж хэлбэл энэ нь өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, яарсан хэн нэгэн нь билетгүй үлдэх асуудал олонтаа гарч байсан юм. Иймээс энэхүү хүндрэл учруулж байсан уг асуудлыг шийдвэрлэхээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж УБТЗ-ын удирдлагуудад хүсэлт гаргажээ. Эл хүсэлтийн хариу нааштайгаар шийдвэрлэгдэж, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд өглөө, оройд явж байгаа галт тэрэг дээр нэмэлт вагон залган явуулахаар боллоо. Ингэснээр Сэлэнгэ аймгийн иргэдэд бас нэгэн таатай боломж бүрдэж байгаа юм.

Холбоотой мэдээ