Н.Ганхуяг: Монгол түмний хийж бүтээсэн өв соёлыг тамгалан үлдээхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-07-08 20:40:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ дахь Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг Монголыг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор санаачилсан хоёр төслөө олон нийтэд танилцууллаа.

 

Сүүлийн 20 гаруй жил АНУ-д амьдарч, ажиллаж буй тэрбээр Монголд хэрэгжүүлэх “Монгол бахархал” болон АНУ-д монголын соёл урлагийг сурталчлах “Монгол хаус интернейшнл” хэмээх төслийг хэрэгжүүлэхээр эхлүүлж буй юм. Тэрбээр 1980-аад оноос дэлхийн 40 гаруй улсад болон эх орондоо үзэсгэлэн, үндэсний урлагийн тоглолт, төслийн олон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.

Монголд хэрэгжүүлэх “Монгол бахархал”  аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл

Дотоодын дурсгалт газрыг нэмэх, жуулчдыг татах зорилготой уран баримал, сийлбэр бүхий уг төслийн хүрээнд Монголын түүхийг он жил, дарааллаар нь харуулах юм. Энэхүү цогцолбор Баянхонгор Баацагаан сумаас баруун урагш 55 километр зайд байрлах аж. Төлөвлөсний дагуу цогцолборын төв хэсэгт суварга байрлуулна. Эл суваргыг тэрбээр “Дэлхийн энх тайвны монгол суварга” төслийн хүрээнд 2014 онд босгож байжээ. Суваргыг тойрон арга билиг дотор 3 метр өндөр 9 багана байрлуулна. Багана тус бүр дээр монгол түмний түүхэн үйл явдлыг дүрслэх бөгөөд энэ нь түүх соёлын гайхамшигт үнэт өв болж үлдэх юм.

Есөн багана мандал хэлбэрээр цааш дэлгэрсээр 12 жилийн баримлан хөшөөнд хүрнэ. Энэхүү 12 жил нь төгсгөлгүй үргэлжлэх цаг хугацааг бэлгэднэ. Цааг хугацаа үргэлжилсээр нэгэн жарныг илэрхийлсэн 60 ширхэг чулуун дүрслэл хийнэ. Түүний цаана 108 ширхэг ургийн мод тарихаар төлөвлөжээ.

АНУ-д хэрэгжүүлэх "Монгол ертөнц" төсөл

Дэлхий дахинд монгол түмний хийж бүтээсэн өв соёлыг тамгалан үлдээх, монголыг сурталчлах зорилготой тус төслийн хүрээнд АНУ-д “Монгол хаус” хэмээх олон улсын сүлжээ барилга байгууламж бүхий төвийг байгуулна. Энэхүү цогцолборыг монгол ур ухаан, өнгө хийц шингээн байгуулах аж. Тус цогцолбор Их хааны өргөө, хаан гэр, Дэлхийн энх тайвны монгол суварга эв нэгдлийн үзэсгэлэн, Хүндэтгэлийн өргөө театр, Урц болон шилэн өргөө бүхий худалдаа үйлчилгээний төв зэрэг барилга байгууламж зэргээс бүрдэх аж.

“Монгол хаус” цогцолборыг түүх шингэсэн баримал, сийлбэр бүтээлүүдээр чимэглэхээс гадна уг байгууламжийн төвд урлагийн тоглолт зохион байгуулах задгай театр бий болгохоор төлөвлөжээ. Цогцолбор төсөл нь Монгол Улсаа дэлхийд сурталчлан таниулах улс төр, эдийн засгийн лобби хаус бий болгох төдийгүй уг шийдлийг олон улсад сүлжээ байдлаар тухайн орны онцлогт тааруулан бүтээн босгох боломжтойг тэрбээр тодотгов.


Энэ үеэр АНУ дахь Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуягаас дараах асуултад хариулт авав.

-Төслийн санхүүжилтээ хэрхэн шийдэж байна вэ?

ураг төслийг гаргаж, хийлгэхэд 20 сая гаруй төгрөг зарцуулаад байна. Ах дүү нар маань тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлсэн. Төслийг цаашид хэрэгжүүлэхэд олон түмний хандив туслалцаа хэрэгтэй. Төслийн хүрээнд босгох есөн баганын нэг нь л гэхэд 12 сая төгрөгөөр бүтэж байгаа. Төслийнхөө эхний хэсэг есөн баганыг энэ жилдээ хийж бүтээнэ. Эхний ээлжийн гурван багана хийгдсэн. Долоодугаар сарын 15-нд аваачиж, байрлуулна. Дараагийн баганууд хийгдэж байгаа. Мөн холбогдох яамнаас гадна гадаад, дотоодын хандивлагчдыг татан оролцуулж үйл ажиллагаагаа танилцуулна.


-Хэдий хугацаанд хэрэгжүүлэх бол?

-Энэхүү төслийг маш томоор харж, урт хугацааны төсөл гэж үзэж байна. Бид энэ цаг үед ирээдүйн түүхээ бичиж байна. Тиймээс үргэлжлүүлэх нь зүйтэй. Зураг төсөл гарсан хэсгийн санхүүжилт бүтвэл хурдан гүйцэтгэхийг зорьж байна.


-Төслийг хэрэгжүүлснээр орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар хувь нэмэр оруулна гэж үзэж байна вэ?

-Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Монгол бахархал” төсөл маш их ач холбогдолтой. Зөвхөн миний хэрэгжүүлж буй төслөөс гадна ийм төслийг маш олон газарт хийж хэрэгжүүлээсэй. Монголын газар нутгийг түүхийн дурсгалт зүйлээр тамгалж хойч үедээ монгол хүний үнэлэмж, тусгаар тогтнолыг түүх болгон үлдээх нь чухал ач холбогдолтой. Аль болох онгон байгаль дээр байгалийн боржин чулуугаар барьж бүтээх нь илүү үр дүнтэй болно.


-АНУ-д байгуулах цогцолбор төвийг барихад монголоос ямар ямар уран бүтээлчид ажиллах вэ?

-Монгол төв учраас монголынхоо уран бүтээлчдээ аваачихыг зорьж байна. Заримыг нь Монголдоо хийгээд АНУ руу аваачих эсвэл АНУ-д очоод хийх зэрэг асуудлууд яригдана. Монгол утга агуулга, санаа бүхий төвийнхөө санаачилгыг гаргаад байна. Миний хувьд өөрөө уран бүтээлч учраас аль болох олон уран бүтээлчийг аваачин, монгол ур ухаан шингээсэн төвөө бүтээх хүсэл тэмүүлэлтэй байна.

Холбоотой мэдээ