АРХАНГАЙ: Азийн аварга шалгаруулах даамны тэмцээнээс 5 алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-07 18:05:33
Архангай /МОНЦАМЭ/. Узбекистан улсын нийслэл Ташкент хотод 6-р сарын 13-26-ны өдрүүдэд болсон өсвөр, залуучууд, ахмад, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах даамны тэмцээнээс Монгол Улс багийн амжилтаараа 2-р байрт оржээ. 
Тус тэмцээнд Архангай аймгаас найман хүүхэд оролцсон ба тэд аймгийн “Лутхүү” шатар, даамны клубийн болон Хотонт, Хайрхан, Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн тамирчид юм. Тэдний тав нь "Лутхүү" клубийн хүүхдүүд байв. Даамчид таван алт, гурван мөнгө, гурван хүрэл, таван цомны болзол хангажээ. 
“Лутхүү клуб”-т 40 гаруй хүүхэд хичээллэдэг ба тамирчид аймаг, бүс, улсын тэмцээнүүдэд үргэлж амжилт гарган оролцож буй нь тус аймагт 100 буудалт даамны спорт маш богино хугацаанд өндөр хөгжиж байгааг илэрхийлж байна. 
Азийн аварга шалгаруулах даамны тэмцээнд Монгол Улсын тамирчид, багш, дасгалжуулагч, эцэг эх, албаны төлөөлөл нийт 104 хүний бүрэлдэхүүнтэй оролцоод иржээ. 


Холбоотой мэдээ