Юань улсын талаарх судалгааны шинэ хандлагыг бий болгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-07-06 14:36:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, БНСУ-ын Зүүн хойт Азийн Түүхийн сангаас хамтран “Юань улсын засаглалын стратегийн судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.


Хоёр байгууллага 2008 оноос эхлэн хамтын ажиллагаагаа эхлүүлж, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг уламжлал тогтжээ.  Тус хурлыг тогтмол зохион байгуулах болсноор Монгол, Солонгосын түүхийн судалгаа нь олны анхаарлыг татах болж энэ чиглэлээр судалгааны цар хүрээ, түвшин ахихад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж судлаачид үздэг. Өмнөх хурлуудад Монголын эзэнт гүрэн ба Солонгос улсын түүх, харилцаа гэх мэт эрт, дундад үеийн харилцаанаас эхлээд орчин үеийн дипломат харилцаа тогтсон цаг үе хүртэлх өргөн цар хүрээтэй асуудлаар мэргэжлийн эрдэмтэн судлаачдын илтгэлийг хэлэлцэж байв. Харин энэ удаа  Монголын эзэнт гүрний түүх гэсэн ерөнхий сэдвийн доор болж, хоёр улсын нэр хүндтэй эрдэмтэн багш нар илтгэл хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний шинэ үр дүнгээсээ танилцуулж байгаа нь Монголын эзэнт гүрний түүхийн судалгаанд Монгол, Солонгосын түүхчдийн эзлэх байр суурь, эрдэм шинжилгээний хөгжил томоохон дэвшил авчирна гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Монголын түүхчидтэй идэвхтэй хамтран ажиллаж байгаа байгууллагуудын дунд Зүүн Хойд Азийн Түүхийн сан  нь томоохон байр суурь эзэлдэг” гэдгийг онцлоод хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.


Энэ удаа  эрдэм шинжилгээний шинэ үр дүнгээсээ танилцуулж байна

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.ЦэрэндоржМонгол, Солонгос улс эртний түүхэн харилцаатай явж ирсэн. Сүүлийн 30 гаруй жил хоёр улсын харилцаа бүхий л талаар хөгжихийн хэрээр шинжлэх ухааны салбарын харилцаа хамтын ажиллагаа ихээхэн дэвшилд хүрснийг бид харж байна. Манай хоёр  байгууллагын санаачилгаар байгуулагдсан “Монгол-Солонгосын түүхч, археологичдын холбоо” байгуулагдаж эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа явуулж байна. Тус холбоо нь хоёр орны их дээд, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачдыг хамруулсан олон чухал ажлыг санаачлан, хэрэгжүүлж ирсний нэг нь жил бүр Монгол, Солонос улсад ээлжлэн зохион байгуулдаг энэхүү хамтарсан эрдэм шинжилгээний хурал юм.  

Монгол-Солонгосын олон талт харилцаа хамтын ажиллагаа ялангуяа түүх, археологийн чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, хувь судлаачдын хамтын ажиллагаа нь эдүгээ улам өргөжин хөгжиж “Төв Евразийн шинжтэй” утга агуулгатай болсон хэмээн хоёр орны эрдэмтэн, судлаачид тодорхойлон дүгнэдэг.

Цар тахал зэрэг хүчин зүйлийн улмаас сүүлийн хэдэн жил тасраад байсан хамтын ажиллагаа сэргэж, хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг дахин зохион байгуулахаар болж, тэрхүү хурал нь Монголын эзэнт гүрний түүх гэсэн ерөнхий сэдвийн доор болж буй явдалд Монголын эзэнт гүрний түүхийг сонирхон судалдаг түүхч хүний хувьд баяртай байна. Энэ удаагийн хуралд хоёр улсын нэр хүндтэй эрдэмтэн багш нар илтгэл хэлэлцүүлж эрдэм шинжилгээний шинэ үр дүнгээсээ танилцуулж байгаа нь Монголын эзэнт гүрний түүхийн судалгаанд Монгол, Солонгосын түүхчдийн эзлэх байр суурь, эрдэм шинжилгээний хөгжил дэвшлийг харуулах сайхан завшаан хэмээн үзэж байна.  


Юань улсын талаарх судалгаа нь ихэвчлэн Хятадын байр сууринаас авч үзэх хандлага их байсан бол  өнөөдрийн хурлаар  Монгол хүмүүсийн байр сууринаас авч үзэж байна

Зүүн Хойд Азийн сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга И.ЙөнхоЗүүн Хойд Азийн Түүхийн сан 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш Зүүн Хойд Азийн Түүхийн зөрчилдөөнийг намжааж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн үндэс суурийг тавихын төлөө ажиллаж ирсэн. Манай сан болон Монгол Улсын ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн 2007 онд харилцан найрамдалт харилцааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний солилцоог сайжруулах зорилгоор MOU байгуулан ажиллаж байна.   

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын сэдэв “Юань улсын засаглалын стратегийн судалгаа” нь урьд өмнөх судалгаануудаас арай илүү тодорхой, эрдэм шинжилгээний агуулгатай болж байна. Хятадын эрдэм судлалд “Хятад улс нэгдсэн олон үндэстний улс болон хөгжихөд хувь нэмрээ оруулсан” гэж дурдахдаа Юань улсыг тулгуур материал болгон ашиглаж байна. Сүүлийн үед “Орчин үеэс өмнө гаднаа харагдахгүй ч Хятад үндэстэн чөлөөтэй оршин тогтнож байсан” гэсэн логикийг дэвшүүлэн, Юань улсын үеийн Монгол хүмүүс бол Хятад үндэстэн гэсэн санааг дэвшүүлэх болсон. Өнгөрсөн хугацаанд Юань улсын талаарх судалгаа нь ихэвчлэн Хятадын байр сууринаас авч үзэх хандлага их байсан бол өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал нь “Юань улсын засаглалын хэв маяг” гэсэн сэдвийн хүрээнд Монгол хүмүүсийн байр сууринаас авч үзэж байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь Юань улсын талаарх судалгааны шинэ хандлагыг бий болгож байна.

Холбоотой мэдээ