УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-07-05 10:03:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБХ-ын ээлжит 3 дугаар чуулганы 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс уншигч танд хүргэж байна. Энэ өдрийн хуралдааны хэлэлцсэн асуудлын гол цөм нь Ерөнхийлөгчийг түр эзгүйд, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын хэн нь орлох ёстой вэ гэдгийг хэлэлцэж. УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийг түр эзгүйд, онцгой тохиолдолд орлох Үндсэн хуулийн заалтыг “амилуулж” байжээ. Тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн Үндсэн хууль (Их цааз)-ийн төсөлд Монгол улсын Ерөнхийлөгчийг түр эзгүйд, онцгой тохиолдолд УИХ-ын дарга орлоно гэсэн заалт орж ирсэн юм байна. Гэвч хажуугаас Ерөнхийлөгчийг гүйцэтгэх засаглалд нь багтааж, Ерөнхий сайд орлоно гэсэн санал гарсан байна. Энэ асуудлаар хоёр удаа санал хураахад эхний ээлжид Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд орлоно гэсэн санал олонхын дэмжлэг авсан байх юм. Дараа нь талууд байр сууриа илэрхийлж хэлэлцсэний эцэст дахин санал хураахад ерөнхийлөгчийг түр эзгүйд, онцгой тохиолдолд Ерөнхий сайд орлоно гэсэн заалт олонхын санал авч чадаагүй байна. Ийм учраас төслийн заалт хэвээрээ үлджээ Энэ өдрийн хуралдаан 9 цаг 10 минутад 43 гишүүн ирж. 84, 4 хувийн ирцтэй эхэлжээ.


Р. Гончигдорж:- Монгол улсын Их цаазын хэлэлцүүлгээ үргэлжлүүлж зарчмын асуудлаар санал хураалт явуулъя. Ингээд дараагийн зарчмын асуудлаа сонсъё.

Б. Чимид:- бид 31 дүгээр зүйл дээр зогссон. Ерөнхийлөгчийн сонгууль, ерөнхийлөгчийг сонгох журмыг хуулиар тогтооно гэж нэмсэн. Нэг удаа гэдгийн дараа, улируулан сонгож болно гэдгийн дараа нэмээд юм үгүйлж ярьж байсан. Ийм учраас тангараг өргөхтэй холбоотой юмыг тангараг тавина гэж засаад байгаа Тангаргийг өргөдөггүй юм гэж л ярих юм байна шүү дээ. Хэл талын улсууд. Цаадуул чинь бас тангараг өргөнө барина гээд шүүмжлээд байгаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрх дээрээс 34 дүгээр зүйл цэргийн дээд цол бий болгохыг Хорооны саналаар хассан. Үүнийг хэлэлцүүлье. Ерөнхийлөгчид монгол улсын хуулиар өөр тодорхой эрх олгож болно гэсэн 15 дугаар зүйлийн хоёрдугаар хэсгийг хасъя гэсэн юм.

С. Төмөр.- 34 дүгээр зүйлийн 15-ын сүүлчийн өгүүлбэр.

Б. Чимид:-Бид санал оруулах л юм шүү дээ.Янз бүрийн асуудлаар хууль гарна, тэгээд Ерөнхийлөгчид эрх олгож болохгүй болчхоод байна шүү дээ. Энүүгээр санал хураалгая. Олгоё, олгохгүй гэсэн.

Р. Гончигдорж:-34 дүгээр зүйлийнхээ эхэнд Монгол удсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их цааз, бусад хуулиар тодорхойлно гэж байгаа шүү дээ. Бүрэн эрхийг тодорхойлно гэдэг нь эрх өгч байна уу, эрх хасаж байна уу, эрхийг нь тодруулж байна уу, тэр бол урд талдаа байгаа утгаар энд бол харин байхгүй байж болох тал байна уу үгүй юу. Зүгээр тэр учир шалтгаанаар шүү дээ. 34 дүгээр зүйлийн эхэнд Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг улсын Их цааз, бусад хуулиар тодорхойлно. Ерөнхийлөгч дор дурдсан онцгой бүрэн эрх эдэлнэ гэж байна. Онцгой бүрэн эрх гэдгийгээ энд тодорхойлж, онцгой бүрэн эрхийн хувьд ч гэсэн бусад хуулиар болно гэж тодруулж байгаа тодруулга юм болов уу даа.

Б. Чимид:- Ерөнхийлөгчид өөр тодорхой бүрэн эрхийг хуулиар олгох тухай л ярьж байгаа л даа. Хуулиас гадуур бус гэсэн утгатай зүйл юм л даа. Найруулга л буруу юм байна.

Р. Гончигдорж:-Ерөнхийлөгчид өөр тодорхой бүрэн эрхийг Монгол улсын хуулиар олгоно гэсэн агуулгатай юм уу.

Б. Чимид:- Тийм.

Р. Гончигдорж:- За

С. Төмөр:- Их цаазаар бид хүлээн зөвшөөрч байж Ерөнхийлөгчийн хуульд оруулах байх л даа. Тийм учраас энэ өгүүлбэр байх ёстой байхгүй юу. Өмнөх чинь Зөвхөн Их цаазын хүрээнд зохицуулах энэ 15 зүйл чинь. Тэр утгаараа байгаа байхгүй юу.

Р. Гончигдорж:- Бусад хуулиар тодорхойлно гэж байгаа шүү дээ.

С. Төмөр:- Онцгой эрх гээд энэ 15 байгаа байхгүй юу.

Р. Гончигдорж:- Тодотголгүй бүрэн эрх гэж байгаа болохоор тэнд онцгой, онцгой бишүүд нь хамарчих юм биш үү. Ерөнхийлөгчид өөр тодорхой бүрэн эрхийг зөвхөн Монгол улсын хуулиар олгоно гэж. Хууль бус актаар тийм бүрэн эрх олгохгүй гэсэн. Энэ утгаар нь хамгийн эцэст зааглал өгч байна гэж ойлгохоор байсан бол болохоор байна. Эхэнд нь бусад хуулиар өгч болно тиймээ, гэхдээ хуулиас өөрөөр өгч болохгүй. Ийм санаа хэлэх гэсэн болов уу, гэхдээ ийм санаа энэ найруулгад сонсогдохгүй байна. Хэрэв ингэж найруулбал, Ерөнхийлөгчид өөр тодорхой бүрэн эрхийг зөвхөн Монгол улсын хуулиар олгож болно. Ийм санаа байх юм бол энэ болж байна. Ерөнхийлөгчид өөр тодорхой бүрэн эрхийг зөвхөн улсын хуулиар олгож болно гэсэн санааг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя. Сүүлийн томьёоллоор байна гэж.

  • зөвшөөрсөн 24,
  • татгалзсан 10,
  • түдгэлсэн 5. За олуулаа зөвшөөрч байна.

Б. Чимид:- Ерөнхийлөгчийг УИХ-ын дарга орлоно гэснийг Ерөнхий сайд болгоё гэсэн санал байна.

С. Баяр:- Ерөнхийлөгчийн түр эзгүйд за мөн огцорсон бол дараагийн Ерөнхийлөгч сонгогдтол түүний бүрэн эрхийг УИХ-ын тэргүүн, дарга эдэлнэ гэж 38 дугаар зүйл дээр заагаад байгаа юм л даа. Ерөнхийлөгч гэдэг хүн маань аль талдаа байна вэ гэж , энэ дээр бас нэг зарчмын асуудлыг хэлчихмээр санагдаж байгаа юм, яригдахгүй өнгөрөөд байх шиг байна. Хууль тогтоох эрх мэдэл Монгол УИХ гээд яваад байна шүү дээ, энэний тэр урд талын тодорхойлолтуудыг аваад хаячихъя гэсэн манай хорооны санал байгаа юм. Тэгэхгүй бол Монгол улсын Ерөнхийлөгчийг бид зөвхөн хориг тавьдаг эрхийг дагуулаад хууль тогтоох эрх мэдэлд дотор багтаачхаад байгаа юм. Энэ бол онолын хувьд ч гэсэн, практикийн хувьд ч гэсэн буруу зүйл байх гэж санагдаж байна. Ерөнхийлөгч аль нэг талдаа илүүтэй байна гэх юм бол үнэхээр гүйцэтгэх юмандаа илүү байна. Засгийн газрыг илүү чиглүүлдэг барьдаг юмнууд нь энэ дотор орж байгаа. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн эзгүйд түүнийг орлох хүн гүйцэтгэх засаглалын хүн байх нь зүйтэй юм. Тэрнээс бүхэл бүтэн нэг хууль тогтоох засаглалын, тэрнийг удирдаад толгойд нь сууж байгаа хүн ямар нэг утгаар Ерөнхийлөгчийн орлогч гэсэн ийм утга яаж ч гарч таарахгүй. Нөгөө талаар засгийн эрхийг хуваах, хуваарилах онолд ерөөсөө харшилна.Тэр үүднээс Ерөнхий сайдад өгч байхад болохгүй юм байхгүй юм аа. Нэг хүн орлож байх ёстой юм бол Ерөнхий сайд байвал яасан юм бэ гэсэн саналыг манай хороон дээр гаргаад, энийг ерөнхийдөө олуулаа дэмжээд ингэж оруулж ирж байгаа ийм л учиртай юм л даа.

Б. Чимид:- Саналаа хэлэхэд онолд таарахгүй гэдгийг итгэж болохгүй л байна л даа. Гүйцэтгэх засаглалыг толгойлсон Ерөнхийлөгчийг парламентын танхимын дарга толгойлж болоод байхад гүйцэтгэх засаг толгойлоогүй ерөнхийлөгчийг яагаад парламентын дээд танхимын дарга орлож болдоогүй юм бэ. Тэр улсууд онолоо мэдэхгүйдээ ингэж байна уу, эсвэл өөр онол байна уу Ерөнхийлөгчийн захиргаатай газар парламентын дарга нь Ерөнхийлөгчөө орлодог шүү дээ. Хоёуланг нь нийлүүлээд нэг хүн барьж байна шүү дээ. АНУ Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа толгойлдог Кувейт дээд танхимын дарга орлодог. Франц хүчтэй Ерөнхийлөгч гэж байгаа гүйцэтгэх засаглалдаа ордог. Дээд танхимаа толгойлдог, танхимын дарга. Бид спикерээ дарга болгочхоод байгаа учраа ойлгож байгаа биз дээ.. Больчихсон уу?

Р. Гончигдорж:- Ерөнхийлөгчийг УИХ-ын дарга орлоно гэсэн үндсэн санал. Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд орлоно гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя. За 37 ирц хүрэхгүй байна. Дахиад ирцээ дараадхаач.

  • зөвшөөрсөн 23,
  • татгалзсан 15,
  • түдгэлзсэн 4, олонх болж байна.

Б. Чимид:- За тэгвэл спикер болгох уу? Нөгөөхийгөө.

Р. Гончигдорж:- Тэгээд парламентынхаа засаглалыг больчих...

Б. Чимид:- Одоо монголын хоёр дахь хүн Ерөнхий сайд гэж хуулиа бичнэ.

С. Баяр:- Чимид гуай ганцхан асуудал байна. Энэ хурлын тэргүүн даргыг Ерөнхийлөгчийн орлогч болгосноор парламентат одоо засаглал гэх үү, парламентат улс болоо. Парламентаа дээдэлж байна гэдгийг юугаар батлах вэ.

Б. Чимид:- Ерөнхийлөгч төрийн тэргүүн юм. Төрийн тэргүүний хувьд бүхнийг дээдэлж үзэх, тэр бэлгэ тэмдэг гэдэг үгэндээ байгаа юм. Тийм учраас нэгдүгээр хүн гэж үзэх нийтийн хэрэг. Эрхээс нь биш. Президент гэдэг хэсэг эрх байна. Тэр эрхийг шаардлагатай үед Засгийн газартай нийлүүлэх үү, Парламенттай нийлүүлэх үү гэдэг бол засгийн хүчний харьцааны асуудал. Тэр логикоороо ярьж байгаа хэрэг.

Б. Чимид:- Тэр потенциалаар би энд шилжүүлж байгаа шүү дээ.

Б. Чимид:- Төрийн тэргүүн гэдэг чинь Их хурлын тэргүүн дарга нэгдүгээр хүн гэж нэрчхээдтэрийгээ хоёр дугаар хүн гэж суудаг тийм хууль, тийм тайлбар байж болохгүй. Эрх мэдэл потенциалын асуудал яриад байна шүү дээ. Тэрнээс биш энд албан тушаал булаацалдаж байгаа юм ерөөсөө байхгүй.

С.Баяр:- Хоёр өөр юм яриад байх шиг байна. Нэг нь бол төлөөллийн юмаа яриад байна.

Р.Гончигдорж:- Төлөөлөл биш л дээ. Баяраа. Аливаа юманд өнөөдөр хэрэгжүүлээгүй ч гэсэн хэзээд хэрэгжүүлэхэд бэлэн байж байдаг тийм потенциал эрх, тэр нь одоо ямар нэг хэмжээгээр энд тооцогддог, эс тооцогддог тал байна уу үгүй юу.

Б. Чимид:- ... бас эргүүлээд ингэж хэлж болно шүү дээ.Ерөнхийлөгч ерөнхийлөгчийг авчхаад Засгийн газар огцруулах, парламентыг огцруулах санал гараад цэргээ авчхаад командлаад ийм байдал байж болох уу жишээлбэл. Бүх эрхийг өгчхөж байгаа юм чинь. Шүүх засаглал тэнд захиргааны хувьд нь, удирдлагын хувьд нь харж байна. Засгийн газрыг толгойлж байна, дээр нь президент нэмээд ингэхээр зэрэг парламент тэрийг хүч хүрэх үү.

Р. Гончигдорж:- За дахин санал хураах шаардлага бий юу. За саяныхаа санал дээр дахиад санал хураая.

С. Баяр:- Энэ дээр сайн яримаар байна.


О. Очиржав:- парламентын засаглалтай орнуудад Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд түр эзгүйд нь орлоод яваад байдаг л даа. Ерөнхийлөгчийн засаглалтай байвал парламентын зүгээс нь бас тэнцвэр хандуулах үүднээсээ парламентын сенатад...

К. Зардыхан:- Хаана тэгж орлоод яваад байдаг юм бэ? Очиржаваа. Ямар улсад тэгээд яваад байдаг вэ?

О. Очиржав:- Жишээлбэл Энэтхэг, Итали.... Ингээд бодоход нэг талаасаа. Нөгөө талаасаа парламентын засаглалтай оронд Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, өөрийн эрх мэдэл доройхон гэж би ярьсан. Даруухан тэр хүн бол Засгийн газар юу хийнэ гэснийг тэр чиглэлээр нь хийгээд явдаг тийм газар. Парламентын засаглалтай орнуудад нэг хүнд эрх мэдэл өгдөггүй. Их хурлын даргад эрх мэдэл өгч болохгүй. Яагаад гэвэл эрх мэдэл бүхий хууль тогтоох байгууллагыг удирдаж байгаа хүн бол спикерийн шинжтэй байх хэрэгтэй. Их хурлын дарга гэж нэрлэж болно. Түүнд бие даагаад шийдэх асуудал бүрэн эрх мэдэл байхгүй. Их хурлын зохион байгуулалтын ажлыг хариуцна.

Б. Чимид:- Ерөнхийлөгчийг орлодог байхын тулд өчигдөр бид дарга гэж тогтоо биз дээ. Тэгвэл одоо спикер болгочихъё. Ерөнхийлөгчид парламент тараах эрх олгосон тэрийг одоо больё. Засгийн газрын ерөнхий сайд гарч ирээд орлоод эргээд парламентаа тараах асуудал тавих эрхтэй болчихлоо шүү дээ . Одоо.

О. Очиржав:-Ерөнхийлөгч парламентыг тарааж болно. Зөвхөн ямар тохиолдолд вэ гэхээр Засгийн газар Их хуралд хүсэлт тавиулдаг байхгүй юу. Та нар бидэнд итгэж байна уу үгүй юү илэрхийлээд өгөөч гэж. Тэгэхээр парламент нь, УИХ нь Засгийг би чамд итгэхгүй байна гэдэг шийдвэр гаргачихлаа. Тэгэхээр Засгийн газрын өмнө хоёр асуудал тулгардаг байхгүй юу. Нэг нь Засгийн газар өөрөө огцорно нэг бол парламентыг тараа гэж Ерөнхийлөгчдөө хэлнэ. Ерөнхийлөгч бол тэрийг татгалзах эрх байхгүй Энэ бол ерөнхийлөгч өөрөө мэдээд тарааж байгаа юм биш. Засгийн газар...

Б. Чимид:- Энэ бол зөвхөн нэг тал нь.

О. Очиржав:- Өөр эрхийг өгч болохгүй шүү дээ. Ерөнхийлөгч өөрөө дур мэдээд парламентыг тараадаг ганц хүний эрх мэдэл гэж байж болохгүй байхгүй юу даа. Б. Чимид:- Үгүй үгүй. Чи бол нэг талын юм яриад байна шүү дээ. Засгийн газар парламент хоёр хямарсан нөхцөлд Ерөнхийлөгч хөндлөнгөөс оролцох тухай ярьж байна. Ерөнхийлөгч парламент хоёр хямарч болно. Парламент, Дээд шүүх хоёр хямарч болно. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн шүүх. Парламент доторх намууд хямар болно. Янз бүрийн тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас бүх талаас нь бодох ёстой. Парламентыг ганцхан Засгийн газарт итгэх, үл итгэх хоёроор бодож болохгүй. Балкааны орнуудад ийм зүйл их гадаг л дээ.


Гү. Лхагважав:- Ерөнхийлөгчийг орлох хүн Засгийн газрын тэргүүн байх юм бол гүйцэтгэх эрх мэдэл ерөөсөө л Ерөнхийлөгч, Засгийн газар хоёрын хооронд л байдаг юм байна гэсэн ойлголт байна.

Б. Чимид:- Ерөнхийлөгч, Засгийн газар толгойлж байгаа бол энд яриад байх юм байхгүй. Бид өөр юм сонгож авчхаад өөр юмтай хутгаад байна л гайхаад байхгүй юу.

Р. Гончигдорж:- За ингээд шаардлагатай бол санал хураая, зүгээр ямар ч байсан Ерөнхийлөгчийг эзгүйд юм уу, эсвэл онцгой тохиолдолд Ерөнхий сайд орлоно гэвэл. Тэр орлож байгаа үед Ерөөнхийлөгчийн засаглалтай байх юм байна. Үлдсэн үед нь парламентын засаглалтай байх юм байна гэж эцсийн үр дүнгээрээ ойлгогдож байна. За ингээд саналаа дахин хураая.

С. Төмөр:- Ерөнхий сайд оролдог тохиолдолд бид тэр дөрвөн сарын хугацаанд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага гарна. Яагаад вэ гэхээр зэрэг энэ нэг талаас, энэ санаа бол ерөөсөө Ерөнхийлөгчийн засаглал руу энэ төслийг чирээд байна. Ерөнхий сайд хэрэв намын дарга байх юм бол Ерөнхийлөгч бас нь бас намын болж хувираад ингээд бүх асуудал маань нэг хүний атганд төвлөрөх нь ээ. Эргээд Засгийн газраа толгойлсон Ерөнхийлөгчийн эрхтэй энэ хүнд парламентаараа ямар нэг хэмжээгээр оролдож эхлэх болно. Шуудхан хэлэхэд бужигнуулж эхэлнэ. Яагаад вэ гэхээр спикер тэнд ямар нэг роль байхгүй болно. УИХ үндсэндээ гүйцэтгэх засаглалынхаа доор нь орчихно гэсэн үг.

Р. Гончигдорж:- Зүгээр ер нь ойлгож байна. Их ойлгомжтой олон талын байна. Ерөнхийлөгчийн засаглалын төлөө байсан хүн бол энд нэг шанс нэмэгдэж байгаа юм л даа. Тийм учраас үзээд алдах хэрэгтэй Тэр болгоныг бид хүндэтгэхээс өөр арга байхгүй. Тэр бол тууштай чанар. Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд орлоно гэдэг саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 18,
  • татгалзсан 18,
  • түдгэлзсэн 4 олонхын дэмжлэг авахгүй байна гэжээ.

Үргэлжлэл бий.                                                                     Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж

Холбоотой мэдээ