ОРХОН: “Дахивар хог хаягдлын тээвэр ложистикийн төв”-ийг байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-04 17:17:50
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг “Ногоон Эрдэнэт”, “Хогийн менежментийг сайжруулах” дэд хөтөлбөрийн хүрээнд “Монголын тандалт судлаачдын холбоо” ТББ-тай хамтран “Иргэдийн оролцоотой хогийн менежментийг сайжруулах” төсөл хэрэгжүүлж байна.

Тус төслийн үр дүнд дахивар хог хаягдлыг ангилан ялгах төвтэй болж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ суурилууллаа. Ингэснээр улсдаа жишиг болохуйц “Дахивар хог хаягдлын тээвэр ложистикийн төв”-тэй болох эхлэл тавигдаж байгаа юм.

НҮБ-ын “Хурдасгуур” төслөөс олгож буй 35 мянган ам.долларын өртөг бүхий энэхүү тоног төхөөрөмж нь аймгийн хэмжээнд гарч буй дахивар хог хаягдлыг 100 хувь ялгах хүчин чадалтайгаас гадна жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллах боломжтой гэдгээрээ онцлог. 

Цаашид хог хаягдлыг анхан шатанд нь ангилснаар байгальд хаях хог хаягдлыг 40 орчим хувиар бууруулах, эдийн засгийн хувьд хэмнэлт үүсэх олон талын ач холбогдолтой. Энэхүү дахивар хог хаягдлыг ангилах ялгах үйл ажиллагаа нь иргэдийн бүлгийн оролцоотойгоор хийж байгаагаараа онцлог юм. 

Холбоотой мэдээ