5G МОНГОЛД НЭВТРЭХ СУРАГ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
uranatuya@gmail.com
2022-07-01 15:18:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/.                                   

 Асар хурдтайгаар хөгжин урагшилж байгаа технологийн дэвшлээс хоцорч сүүлдэхгүй байх шаардлага энэ дэлхийн бүх улс оронд цаг ямагт тулгарах болжээ. Технологийн ололт, амжилт, хэрэглээ зэргээр нь аливаа улс түмний хөгжлийн үзүүлэлтийг шууд хэмждэг шинэ эринд хүмүүс амьдарч байна. Өчигдөрхөн шинэхэн байсан зүйл өнөөдөр хэрэглээнээс холдож хуучрах, өнөөдрийн нээлт маргааш ч эртний түүх мэт санагдах тийм хурдтай хөгжлийг хүн төрөлхтөн бий болгосон.


40 гаруй жилийн тэртээ анх Япон улсад утасгүй холбооны хэрэгслийг нэвтрүүлсэн үе буюу гар утсыг зөвхөн ярих, зурвас илгээх төдийхөн хэмжээнд хэрэглэдэг байсан үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд хүний оюун ухаан нь технологийн шат дараалсан гайхамшгийг бүтээсээр ирлээ. Утасгүй холбоо нь яв явсаар өнөөдөр зөвхөн мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар төдийгүй аж үйлдвэр, цаашилбал нийгмийн бүхий л салбарт онцгой чухал үүрэг гүйцэтгэх болсон байна.

 

Одоогийн бидний ашиглаж байгаа 4G сүлжээний дараагийн сайжруулсан хувилбар буюу 5G сүлжээ хэдийнээ гарч, улс орнууд нэвтрүүлж эхлээд байгаа. Харин манайд энэ шинэ технологийг ирэх онд хэрэглээнд оруулж ирнэ хэмээн нэгэн шинэ оператор компани зарлаад буй.  Хэн хэрхэн эхлүүлэхдээ чухал биш, цаашдын хэрэгцээнд гарцаагүй байх нь тодорхой зүйлээ бид хугацаа алдалгүй авах, хэрэглэх нь л гол зүйл. Эхний ээлжинд зах зээлийн нөхцөлдөө тохируулан онцгой хэрэгцээ бүхий салбар болон төвийн бүсийн шаардлагатай гэж үзсэн газруудад нэвтрүүлэх нь зүйтэй гэж энэ салбарын туршлагатай мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.


2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газраас 5G технологийг нэвтрүүлэх бодлогын чиглэлийг батлан гаргасан байдаг. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэгч салбар хэмээн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг онцлон зарлаад “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлсэн. Мөн 5G технологийг нэвтрүүлэх талаар бодлогын баримт бичгийг баталсан нь энэ чиглэлд онцгойлон анхаарч байгаа нэг хэлбэр гэж ойлгож болох.  Ер нь монголчуудын хувьд харьцангуй богино хугацаанд олон салбарт цахим хэрэглээг нэвтрүүлж байгаа улс. Хэдийгээр алдаа оноо байхыг үгүйсгэхгүй ч цахимжих үйл явц чамлахааргүй ахиж байгаатай маргах юмгүй.


Утасгүй харилцааны хувьд өгөгдөл дамжуулах хурд нь зурвасын өргөн нарийны хэмжээнээс нэлээд хамааралтай. Өөрөөр хэлбэл өндөр давтамж бүхий технологи илүү өргөн сүлжээ дамжуулах зурвас шаардана. Өндөр хурдыг нарийн зурвасаар дамжуулах боломжгүй гэсэн үг.  5G технологийг 4G сүлжээний зурвасаар ашиглавал 5G биш 4G ашиглаж байгаатай агаар нэг. Өндөр давтамжтай 5G-гийн долгион нь 100 метрээс хол зай туулж чаддаггүй учир маш олон дамжуулах станц барих шаардлагатай. Тэгэхээр энэхүү шинэ сүлжээнд тохирох шинэ зурвасууд бий болгох, шинэ сүлжээг нэвтрүүлэхийн тулд одоо байгаагаас 10 дахин олон дамжуулах станц барих шаардлагатай. Багагүй бэлтгэл хийх, ихээхэн хөрөнгө зарцуулах хэрэг гарна.


Хүмүүсийн хэрэгцээ улам бүр төгс зүйлийг шаардах болж, дараа дараагийн шатны, илүү ахисан түвшинд хэрэглэж болох сүлжээг хүлээдэг болжээ. Хэдийгээр 5G технологи нь ихээхэн хүлээлт дунд бүтээгдсэн ч зөвхөн Монголд гэлтгүй бусад орнуудад ч хэрэгцээ шаардлага бүрэн дүүрэн үүсээгүй, хэрэглэгчийн хүрээ болон зах зээл нь маш зугуухан тэлж байгаа. Энэ нь ч олон талын шалтгаантай. WiFi цацрагийн хорт нөлөө өндөр гэх мэт болгоомжлол нэлээд газар авсан нь бий. Гэхдээ үүнийг шинжлэх ухааны иж бүрэн судалгаагаар үгүйсгэн, аюулгүй гэдгийг нотлосоор байгаа. Магадгүй дээрх хардлага нь үзэл суртлын шинжтэй ч байж болох юм гэж үздэг.

 

Өдөр тутмын үйл амьдралд хүний оролцоо багасаж, интернэтээр машин техникээ жолоодож, эмнэлгийн үйлчилгээг хүртэл робот үзүүлдэг үлгэр мэт эрин хажуу дэргэд ирсэн байна.

Энэ сүлжээ төсөөлснөөс илүү их боломжийг бидний өмнө нээх юм. Одоогийн бидний хэрэглэж байгаа 4G сүлжээний хүчин чадал хангалттай байсаар атал 5G нэвтрүүлэх шаардлага яг юунд байгаагийн учрыг ирээдүйд бидний хэрэглээнд нэвтэрсний дараа л ухаж ойлгох аж.


Хүмүүсийн амьдралд санаанд оромгүй содон хэрэглээ нэвтэрч, алс хол байгаа нэгэнтэйгээ виртуалаар тэврэлдэх нь ердийн л зүйл болох нь. Эргэн тойрон дахь бүхий л зүйл одоогийнхоос тэс өөр түвшинд хүрч, хүмүүс унаа тэрэг, ахуйн хэрэглээний эд зүйлсээ гар, биеийнхээ оролцоогүйгээр удирддаг хэт ухаалагжсан орчинд амьдрах цаг үеийн шаардлага нэгэнт бий болсон байна. Цаг зав, хүч тэнхээ ихээр зарцуулдаг ажлуудыг автоматжуулан шинэ технологиор удирдан, хиймэл оюун ухааныг өргөнөөр ашигласнаар хүмүүсийн эрүүл мэнд сайжирч, наслалт ч нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Хүмүүс технологид суурилсан шинэ ертөнц, цоо шинэ амьдралаас ангид орших арга нэгэнт үгүй болсон. Тийм ч учраас шинэ технологийг сүүл мушгилгүй нэвтрүүлэн, сүлжээний сайжруулалтыг хийж дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байх нь мэдээж чухал.


Энэ сүлжээг хүлээж авах чадалтай утас, тохирох төхөөрөмж болон сүлжээний үйлчилгээний өртөг, үнэ ч өндөр байна. Тэгэхээр манайд энэ сүлжээний зах зээл нь эхний үедээ харьцангуй хумигдмал байх магадлал их өндөр. Гэхдээ жижиг боловч харьцангуй идэвхитэй хэрэглээтэй орчин нь нэг найдвар юм. Ташрамд дурдахад манайд үйлчилгээ эрхэлдэг үүрэн холбооны операторууд тус тусдаа дэд бүтэц байгуулсан байдаг, өөрөөр хэлбэл өртөг өндөртэй эх үүсвэр бий болгосон учир төлбөр харьцангуй өндөр байхад нөлөөлж байдаг гэдэг.

 

Ямартаа ч  Тав дахь үеийн энэ сүлжээ нь маш өндөр хурдаараа онцгойрно гэж байгаа. Мэдээлэл дамжуулах хоцролт гэх зүйл бараг үгүй байх юм. Маш тогтвортой холболттой учир доголдол, тасралт гэх мэт зүйлийг мартах хэрэгтэй болох нь. Хоцрогдол багатайгаар, асар их хурдтайгаар өгөгдөл дамжуулах боломжтой 5G сүлжээний гайхамшиг нь өдөр тутмын хэрэглээнд төдийлөн анзаарагдахгүй байж болох ч алсын зайнаас машин жолоодох болон мэс ажилбар хийх зэрэг нарийн үйлдлүүдэд үлэмж мэдрэгдэх юм байна.  



4G-ээр 6 минут зарцуулдаг үйлдлийг 3 секундэд гүйцэтгэх, дэлхийн аль ч өнцгөөс ямар ч хоцрогдолгүйгээр төхөөрөмж удирдах хурдтай интернэттэй болно гэсэн үг. Алсын зайнаас ямар нэгэн техник, роботыг шууд удирдахад секундын зөрүү гарахгүй. 4G-ийн хурд тийм биш.  



Утасгүй холбооны хөгжлийн эхэн үе буюу 1G, 2G сүлжээнд суурилсан товчлуурт утсыг зөвхөн ярих, зурвас илгээхэд ашигладаг байх тэр үе, гар утсаараа кино видео үзэхээс өгсүүлээд банк санхүүгийн үйлчилгээ авч, цахим худалдааг хүртэл хийдэг болсон өнөө үе хоёрыг харьцуулшгүй. Гэтэл энэ бүхнээс илүү боломж байгаа гэдгийг нотлох цоо шинэ технологи гарч ирлээ. Манайх ер нь шинэ сүлжээ, шинэ технологи гарснаас хойш багагүй хугацаа өнгөрсний дараа нэлээд хожимдож нэвтрүүлдэг байсан шинэхэн түүхтэй улс. Тодруулбал 3G сүлжээг 2000 онд дэлхийн ихэнх улсад ашиглаж байхад манайд 2009 онд нэвтэрсэн. 2008 оноос ашиглаж эхэлсэн 4G сүлжээг 2016 оноос нэвтрүүлсэн байдаг. Энэ удаад харин харьцангуй эрт үед нь ашиглаж эхлэх бололтой.

 

 

 

 

Холбоотой мэдээ