ХӨВСГӨЛ:Энхийн төлөө гүйлтийн баг 6200 км замыг туулан Хөвсгөлд ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-01 13:00:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. “Энхийн гүйлт – 2022” буухиа гүйлтийг Монгол Улсын хэмжээнд 5 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 7-ны хооронд зохион байгуулж байгаа бөгөөд гүйлтийн баг тамирчид 6200 км замыг туулан Хөвсгөл аймагт ирлээ. Энэ удаагийн “Энхийн гүйлт”-ээр цар тахлын дараа ард иргэдийг эрүүл мэндээ хамгаалан, идэвхтэй хөдөлгөөнд уриалж 21 аймгийн 108 сумын нутаг дэвсгэрийг хамарч 7250 км замыг туулан эв эеийн бэлгэдэл болсон “Галт бамбар”-ыг гараас гарт дамжуулан буухиалж гүйж байгаа  юм.

 

Баг тамирчдыг Хөвсгөл аймгийн ЗДТГ, Мөрөн сум, ЦГ, ОБГ, БТСГ-ын хамт олон хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Хүн төрөлхтний эв нэгдэл, энх амгаланг дэлхийд түгээх нэгэн зорилго тэмүүллийг илэрхийлсэн “Энхийн өргөө-Энхийн гүйлт” хэмээх олон улсын буухиа гүйлт жирийн иргэд, хүүхэд багачууд ч оролцож ирсэн манай дэлхийн хамгийн урт зам туулдаг юм.

 

Эв эе, энх амгалан амьдралын төлөөх энэхүү буухиа гүйлтийг анх 1987 онд Төгс гэгээрсэн сэтгэл зүрхний багш Шри Чинмойн санаачилгаар гараагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 35 жилийн ойтойгоо золгон дэлхийн 160 гаруй орноор аялан сая сая хүний гараас гарт, зүрхнээс зүрхэнд эв эе, энх амгалангийн уриаг хүргээд байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ