СЭЛЭНГЭ: Нярайн шарлалтын эмчилгээний тоног төхөөрөмжийг гардуулан өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-30 18:10:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ “Дэзэрэт” Олон улсын энэрлийн байгууллагаас Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт 122.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаас хүсэлт тавьсны дагуу энэхүү хөрөнгө оруулалтыг хийхээр өнгөрсөн 5 дугаар сарын 13-ны өдөр гэрээг үзэглэсэн байна.  

Ингээд дээрх гэрээ хүчин төгөлдөр болж энэ сарын 29-ний өдөр “Нярайн шарлалтын эмчилгээний тоног төхөөрөмж”-үүдийг аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум тосгодын Эрүүл мэндийн төвүүдэд гардуулан өгчээ. Энэхүү нярайн шарлалтын аппарат, нярайн шарлалт хэмжих багаж, нярайн жин, ургийн зүрхний цохилт хэмжих багаж, чихний дуран зэрэг 5 нэр төрлийн, 55 багаж тоног төхөөрөмж нь нийтдээ 84.111.500 төгрөгийн өртөгтэй аж.

Дээрх төхөөрөмжийг Сэлэнгэ аймгийн 16 сумын Эрүүл мэндийн төв, 3 тосгоны Эрүүл мэндийн төв, Сүхбаатар сумын “Эмнэх баг”, “Номтхан” өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө. Мөн үүнээс гадна Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт дээрх 5 нэр төрлийн 38.232.500 төгрөгийн үнэ бүхий 25 тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн байна. Энэхүү тоног төхөөрөмж нь Сэлэнгэ аймагт шинээр мэндэлж буй олон мянган нялхсыг эрүүл саруул өсөн торниход туслах юм. Түүнчлэн холын сумдын эх, нялхас цаг хугацаа алдалгүй өөрийн сумандаа нярайн шарлалтаа хэмжүүлэн, фото аппаратад орох нөхцөл боломжийг олгож буйгаараа өндөр ач холбогдолтой болж байгаа юм.

Холбоотой мэдээ