1.81 тэрбум орчим хүн үерийн эрсдэл ихтэй бүсэд амьдарч байна

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-06-29 16:59:27

ЛОНДОН. /Nature Communications/. Судлаачид үерийн эрсдэл ихтэй бүс нутгуудад одоо 1.81 тэрбум орчим хүн амьдарч байна гэж дүгнэжээ. Ихэнх бүс нутаг нь Өмнөд болон Зүүн Азид оршиж байна гэж эрдэмтэд “Nature Communications” сэтгүүлд бичсэн байна.


Томоохон үерийн гамшигт нэрвэгдэж болзошгүй дэлхийн бүс нутгуудыг судлахдаа эрдэмтэд усны түвшнийг хэмжиж, уур амьсгал болон эдийн засгийн загваруудыг ашиглажээ. Түүнчлэн дэлхийн хүн ам, эдийн засагт үзүүлэх эдийн засгийн үр дагаврыг үнэлэхийг зорьсон байна. Судлаачид нийтдээ НҮБ-ын гишүүн 188 орны мэдээлэл цуглуулжээ. 


Эдгээр мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ дэлхийн хүн амын 23 хувь нь буюу 1.81 тэрбум орчим нь үерийн эрсдэл ихтэй бүс нутгуудад амьдарч байгааг харуулжээ. Үүнээс 1.61 тэрбум орчим хүн дундаж болон бага орлоготой орнуудад төвлөрч байна.


Үер усны эрсдэл хамгийн их бүс нутгууд Өмнөд болон Зүүн Азийн орнуудын нутаг дэвсгэрт, тэр дундаа Хятад, Бангладеш, Мьянмар, Тайланд, Индонезид оршиж байна. Харин Хойд Америк, Австралид гамшиг дагуулсан үерийн гамшиг болох эрсдэл ихтэй бүс нутгууд талбайн хувьд жижиг хэмжээтэй байна.   


Ард иргэдэд нь үерийн гамшиг хамгийн их аюул учруулж байгаа улсууд бол Хятад, Энэтхэг юм. Ийм гамшиг байнга тохиолддог Хятадын бүс нутгуудад 395 сая гаруй хүн амьдарч байгаа бол Энэтхэгт 390 сая орчим хүн усан зам, далайн эрэг хавиар амьдарч байна. 


Эдийн засагчдын үзэж байгаагаар эдгээр бүс нутагт гамшиг болсон тохиолдолд дэлхийн эдийн засагт 9.8 их наяд ам.долларын хохирол учруулна. Энэ нь дэлхийн ДНБ-ий наймны нэгтэй харьцуулж болох дүн юм. Эдгээр таамаглал нь үерийн эрсдэл ихтэй орнуудын эрх баригчдын анхаарлыг татна гэж эрдэмтэд найдаж байна.

Холбоотой мэдээ